БНАСАУ Орос руу зэвсэг экспортолсон гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-11-08 11:47:37

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын цэргийнхэн Орос руу хэзээ ч зэвсэг, сум экспортолж байгаагүй бөгөөд ингэх төлөвлөгөө байхгүй гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Мөн АНУ-ыг “ор үндэсгүй” цуурхал тарааж байна хэмээн буруутгасан байна. 


БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, “АНУ-ын ийм алхмыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг авсан хууль бус “хориг бүхий тогтоол”-ыг ашиглан олон улсын тавцанд БНАСАУ-ын нэр хүндийг гутаах гэсэн дайсагнасан оролдлогын нэг хэсэг гэж бид үзэж байна” хэмээн дурджээ.


“Бид Оростой хэзээ ч “зэвсгийн наймаа” хийж байгаагүй бөгөөд цаашид ч тэгэх төлөвлөгөө байхгүй гэдгээ дахин мэдэгдэж байна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан хийсэн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Үүнд төлөөлөгчийн нэрийг дурдаагүй байжээ.


Украинд дайн үргэлжилж байгаа энэ үед Орос БНАСАУ-аас олон сая пуужин, их бууны сум худалдаж авах ажиллагаа явуулж байж магадгүй бөгөөд энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Пёньяны асуудлаарх олон тогтоолыг зөрчиж болзошгүй гэж АНУ-ын тагнуулын албанаас өмнө нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ