ДУНДГОВЬ: “E-Mongolia” цахим үйлчилгээний цэг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-18 15:07:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт “E-Mongolia” цахим үйлчилгээний цэг байгуулж, энэ сарын 17-нд нээлтээ хийн, иргэд үйлчилгээ авах боломжтой боллоо.


Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ЗГХЭГ-ын орон нутгийн зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, "Е-Монголиа академи"-ийн Нийтийн мэдээллийн системийн газрын дарга С.Мягмарсүрэн болон Дундговь аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид оролцов.


Нэгдсэн цэгтэй болсноор төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, үйлчилгээ авахад чирэгдэлгүй болж байна. Уг системээр дамжуулан иргэд 600 гаруй төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой бөгөөд судалгаагаар өнгөрсөн хугацаанд ихэвчлэн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хаягийн лавлагаа, жолоодох эрхийн оноо, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл зэргийг авч байгаа ба жолоодох эрхийн хугацаа дууссан, эсвэл хаяж үрэгдүүлсэн бол захиалга өгдөг зэрэг үйлчилгээг авчээ.

Гар утасны аппликэйшн ашиглаж чаддаггүй иргэдийн хувьд энэхүү цэгээр үйлчлүүлэхдээ ЗДТГ-ын ажилтнуудаас зөвлөгөө, туслалцаа авах бүрэн боломжтой учраас энэхүү үйлчилгээ нь иргэдэд нэн чухал гэдгийг нээлтийн үеэр онцлов. 

Холбоотой мэдээ