ИНЕГ Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-30 13:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Тайландын Хаант Улсын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч Аэротай компанийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах шинэ боломжийн талаар ярилцлаа.


Уулзалтын үеэр агаарын навигацийн чиглэлээр сургалт зохион байгуулах, харилцан ашигтай нөхцөлөөр тоног төхөөрмжийн засвар үйлчилгээ хийх, мэргэжилтэн солилцож, туршлага судлах, аюулгүй ажиллагааны удирдлагын чиглэлээр хийх хамтын ажлын тухай ярилцаж, талууд навигацийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхэд анхаарахаа илэрхийлжээ.


Тайландын Хаант улсад байрладаг Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, хэтийн төлөвийг анхаарч, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, боломжит хэлбэрээр дэмжин туслахаа мэдэгдсэн байна.



ИНЕГ Тайландын хаант улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг 10 дугаар сард байгуулсан. Энэ дагуу 2 улсын иргэний нисэхийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналтын мэдээлэл, туршлага солилцох, байцаагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, хүний нөөц болон бусад асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтныг оролцуулан жил бүр уулзалт зохион байгуулдаг.

Санамж бичиг байгуулснаар нислэг хөдөлгөөний менежмент, агаарын навигацийн инженеринг, нисэхийн аюулгүй ажиллагааны удирдлага, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, бүхээгийн ажилтан, нисдэг тэрэгний нисгэгч бэлтгэх зэрэгт хамтран ажиллах боломж нээгдэж, хамтын ажиллагаа илүү өргөжихийг ИНЕГ мэдээлэв.


Манай улсаас Тайландын Хаант улсад 1990 оноос хойш нисэхийн нарийн мэргэжлээр 80 гаруй хүн суралцаж, Монголын иргэний нисэхийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

 

Холбоотой мэдээ