ӨВӨРХАНГАЙ: Говь болон баруун бүсийн аяллаас эртний хотуудын туурьтай танилцаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-31 20:36:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь аялал жуулчлалын дөрвөн маршрутын нэг нь говь, баруун бүсийн аялал юм.

Байгаль, түүх, соёл, палентологи, спорт аяллын төрөлд хамаарах тус маршрутаар Улаанбаатар – Арвайхээр – Мазар хотын туурь – Өөш Шахлага – Арц богдын нуруу – Зүүн богд уул – Эмч элс – Таацын цагаан нуур – Өшгөгийн их залаа – Өнц шилүүстэй – Шаргын тасархай – Шаамын рашаан – Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл – Арвайхээр – Улаанбаатар гэх 1800 орчим км замыг 4 өдөр, 3 шөнө туулж, Өвөрхангай аймаг дахь үзэсгэлэнт газар, түүх, дурсгалын нэгээхэн хэсгийг үзэж сонирхох боломжтой.

Үүнээс онцолбол;



Мазар хотын туурь:

Эртний Мазар хотын туурь нь Төгрөг сумын 3 дугаар багийн нутагт Мазар толгой хэмээх газарт байдаг. Энэхүү туурийг Юань гүрний үеийн буюу 1270-1368 оны хооронд оршиж байсан хот суурингийн дурсгал хэмээн үздэг аж. Энд шавар ваар сав, шаазангийн хагархай, чулуун дурсгал бүхий олдворууд, археологийн ховор дурсгал болох эртний амьтны чулуужсан яс, мод байна.

Мөн Мазар хотын туурийн ойролцоо 20 гаруй түүхэн дурсгалт газар байдаг. Тухайлбал, улсын баатар Л.Аюушийн төрсөн газарт босгосон тэмдэг болох тээрмийн чулуу, Ваарширчингийн гамин хөнөөсөн газар гэгдэх Намжаатын бууц болон олон тооны булш хиргисүүр байна.





Эртний галавын өвөрмөц тогтоц бүхий Өөш шахлага хайрхан:

Богд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших энэхүү үзэсгэлэнтэй газар нь эрт эрин галавын үед далай тэнгисийн сав газар байсныг илтгэх үелсэн, хэрчигдсэн өвөрмөц бүтэцтэй. Мөн чулуужсан амьтан, гүрвэлийн яс, дун, загасны хайрс зэрэг олдвор ихтэй учраас жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг юм.



Илжгэн чихт хааны хэрэм

Уг дурсгал нь Богд сумын төвөөс зүүн тийш 50 км орчимд Шар хөвийн хоолой гэх газар хойноос урагш 50 км үргэлжилнэ. Энд цайзын бэхлэлт болгон босгосон 10 гаруй км урт шавар, чулуун хэрэмний үлдэгдэл бий. Хэрмийг хар хүрмэн чулуугаар барьсан бөгөөд барилга архитектурын дурсгалд ангилдаг аж.



Арц Богдын нуруу

Богд сумын нутагт орших Арц Богдын нуруу нь зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхи, булагтай учраас жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэж байдаг. Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ.

Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, Хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий. Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинжтэй бол өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Ноён оргил нь далайн түвшнээс дээш 2477 метр өндөр Их баян уул бол Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. 



Зүүн Богд уул

Монгол Алтай нурууны зүүн зах болох Зүүн Богд уул нь Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг бөгөөд тэргүүн оргил нь далайн түвшнээс дээш 3780 м өндөрт өргөгдсөн. Монгол Улсын Улаан номд орсон ирвэс, аргаль, янгир, хойлог, мануул, хадны суусар, дорго зэрэг ан амьтад, ахууна, ёл, бүргэд зэрэг шувууд Зүүн Богд хайрханд бий.

Мөн Хонгил, Түшээ, Хүрэнхад, Нарийн зэрэг  рашаан, булгийн ундаргатай, вансэмбэрүү, хонин арц, хар чавга, юмдүүжин зэрэг олон төрлийн эмийн ургамалтай.





Эмч элс

Баруунбаян-Улаан сумаас зүүн тийш 10-аад км-т шаргалтан бидэртэх элсэн манхан байдаг. Бөөр, нурууны өвчнийг эмчилж анагаах увидастай гэгдэх тус элсийг мянга гаруй хүн зорин очдог гэх судалгаа бий. Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Батсуурь 1980-аад оны дундуур уг элсний эмчилгээний чанарыг нээж, түүнээс хойш олон арван хүнийг эмчлэн эдгээжээ.



Шаамын рашаан

Хайрхандулаан сумын төвөөс 18 км зайд, Нэгдүгээр багийн нутагт орших Шаамын рашаан нь байгалийн 200 литрийн багтаамжтай тогооноос урсаж гардаг, чулуун уул бүхий өвөрмөц тогтоцтой. Эрт дээр үеэс нутгийн иргэд ходоод, цөсөнд сайн гэж эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн байна. Мөн арц, сонгино, улиас, яргай мод ургадаг. Шаамын рашаанаас хоёр км зайд Нуудгай рашаан гэж байдаг. Сүүлийн жилүүдэд тус газрыг "Шамбалын орон" хэмээн нэрийдэж, эрдэмтэн, судлаачид судалж байгаа юм.




Хубилай хааны сүрийг бадруулагч цэргийн хот 


Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг, Их модотын амны эхэнд “Хөгшин тээлийн балгас” хэмээх эртний суурингийн туурь бий. Энэ цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсан, байнга хүн оршин сууж байсны шинж тэмдэггүй, түр зуур аян дайны зориулалтаар бэхлэн барьсан шинжтэй байдаг байна. Үүнээс харахад цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцүүлэн үйлдсэн нь илэрхий.


1926 онд оросын эрдэмтэн П.К.Козлов хотын үлдэцэд тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан нангиад бичээсийн гэрэл зургийг татаж, орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд уг бичээст үндэслэн хотыг ХубилайАригбөх хоёрын Монголын хаан ширээг булаалдсан XIII зууны хоёрдугаар хагасын түүхэн үед буюу 1275 онд байгуулсан хэмээн үзсэн байдаг.

Холбоотой мэдээ