“Хавдрын эсрэг дэлхийн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenebat@montsame.mn
2023-02-04 14:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас санаачлан 2005 оноос эхлэн жил бүрийн 2 дугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болжээ. Монгол Улс хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д ордоггүй ч нас баралтаараа дэлхийн 195 орноос тэргүүлдэг аж.


Энэ байдлыг өөрчлөхөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх хоёрыг тусгаарлах хэрэгтэй гэж үздэг байна. Хорт хавдраар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзвэл 40-өөс дээш насныхны дунд өвчлөл өндөр байна. Сүүлийн гурван жилд төрөл бүрийн хорт хавдраас хамгийн олон хүн элэгний хорт хавдраар нас баржээ. 


Анагаахын шинжлэх ухаанд эрхтэнд шинэ эд үүсэж бий болох зүйлийг хавдар" гэж нэрлэдэг аж. Бүх эд эрхтэнд хавдар үүсэх боломжтой. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ. Хавдрын үед эс ямар ч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ. Эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг булаадаг байх жишээтэй. Хавдрын эс биеийн бусад хэсгүүд рүү цусаар тархан хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эс ургуулдаг. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл (метастаз) гэнэ. Хавдрын эс нь цус болон лимф буюу тунгалгийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг.


Ямар нэг шалтгааны улмаас дархлааны тогтолцоо гэмтсэн, мөн дархлаа дарангуйлах үйлчилгээтэй эм хэрэглэх үед хорт хавдарт өртөх эрсдэл өндөр байдаг. Хорт хавдрын төрлүүд хоорондоо харилцан адилгүй. Тухайлбал, элэгний, ходоодны, хөхний хавдар нь эсийн гарал үүслээрээ хоорондоо ялгаатай. Иймд хавдрын төрлөөсөө хамаарч өвчтөн бүрд өөр өөр эмчилгээ хийх шаардлагатай болдог. Үүссэн хавдар өөр бусад эрхтэнд очиж байрлан үржихийг үсэрхийлсэн хавдар гэх жишээтэй. Тэдгээрээс элэгний хорт хавдар нь сүүлийн шат хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөнд ядрах, гэдэс цанхайх, нуруу, мөр болон хэвлийн баруун дээд талд өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, мэдрэмж өөрчлөгдөх, турах, сульдах, халуурах болон арьс салст, нүдний цагаан шарлах зэрэг зовуурь илэрдэг байна.


Монгол Улсын хувьд аливаа хавдараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчилж эдгэрүүлэх зорилтыг гол болгон ажиллаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрт илрүүлэг" арга хэмжээ ч үүнд чиглэж буй юм.

Холбоотой мэдээ