ТӨВ: Баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл олширжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
ТӨВ /МОНЦАМЭ/ “Цагаан сар 2023” үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд Зуунмод хотод зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд 27 сумын 270 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн 310 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан байна.
Сар шинийн баярт зориулсан уг
үзэсгэлэн худалдааг 2005 оноос эхлэн 18 жилдээ зохион байгуулж байна. Аймгийн
хэмжээнд 2005 оноос эхлэн сумдын жижиг дунд үйдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж,
иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, өрсөлдөх чадварыг
дээшлүүлэх, үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалт зах зээлийг
тэлэх, мөнгөний гадагш урсгалыг зогсоох зорилгоор жилд 5-аас доошгүй удаа
үзэсгэлэн худалдаа зохион байгуулж хэвшсэн. Энэ нь сум, орон нутгийн үйлдвэрлэл
эрхлэгчид болон хэрэглэгчдийн хүлээдэг, эрэлт хэрэгцээ болсон томоохон үйл ажиллагаа болж өргөжжээ.
Энэхүү үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж буй явдал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.
Түүнчлэн аймаг, орон нутгаас үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдээ
дэмжиж үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ
борлуулах байр, орчин нөхцөлөөр хангаж байгааг онцлох нь зүйтэй гэв. Мөн “Төв
нутгийн 100 жил-Цагаан сар 2023” үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа үйлдвэрлэл
эрхлэгч, баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодол сайжирч,
бүтээгдэхүүний нэр төрөл олширсон, тэр тусмаа тухайлсан үйл ажиллагаа руу чиглэсэн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн талаар зохион байгуулагчид онцолсон
юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Төв аймгийн нутгийн
удирдлагын байгууллагууд, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын
тогооч нарын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.
Өнгөрсөн 2022 онд “Хөдөлмөрийн амт”, “Төв түмний цэнгэл баяр наадам”, “Төв түмний сүүн соёл”, “Намрын ногоон өдрүүд”, “Төв нутгийн алтан намар”, “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” зэрэг 6 удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, давхардсан тоогоор 27 сумын 400 баялаг бүтээгчид 350 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 4.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө өөрийн авьяас чадвар, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж байгаа зарим иргэнд шагнал гардууллаа.
АЛТАН ГАДАС
ОДОН”-ООР:
-Бүрэн сумын ахмад настан
Нацагийн Долгор
АЙМГИЙН "ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР:
-Мөнгөнморьт сумын иргэн
Чилхаасүрэнгийн Жанчив
-Лүн сумын иргэн Пионерийн
Энхтуяа
-Бүрэн сумын иргэн Дашзэвэгийн
Санлигмаа
АЙМГИЙН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:
-Аргалант сумын иргэн
Ж.Отгонбаяр
-Баян-Өнжүүл сумын иргэн
Д.Дэлгэрмаа
-Бүрэн сумын иргэн Г.Доржсүрэн
МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН
ТАНХИМЫН ШАГНАЛ “ШИЛДЭГ ЗАЛУУ БИЗНЕСМЭН”-ЭЭР:
-Баянцагаан сумын “Дэндгэр
гурван түрүү” хоршооны дарга Мягмарын Сайнбаатар
МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН
ТАНХИМЫН “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР:
-Зуунмод сумын иргэн Өнөрбаярын
Одгэрэл
-Борнуур сумын иргэн
Сандагдоржийн Цэенханд
МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН
ТАНХИМЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР:
-Эрдэнэ сумын иргэн Н.Болормаа нар тус тус шагнуулав.