ДУНДГОВЬ: Бага насны хүүхдийн үндэсний бөхийн наадамд 64 барилдаанч хүүхэд зодоглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-16 10:34:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилийн сар шинийн баярыг угтсан “Бага насны хүүхдийн үндэсний бөхийн 8 дугаар наадмыг Сайнцагаан суманд зохион байгуулж, 4-5 насны 64 барилдаанч хүүхэд зодоглов.

Тус наадмыг Сайнцагаан сумын Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэг 2010 оноос анх зохион байгуулж эхэлснээр уламжлал болжээ.



Монгол бөхийн дэг жаяг, өв соёлыг таниулж өвлүүлэх, хүүхдүүдийг бага наснаас нь үндэсний бөхийн барилдаанаар хичээллэх сонирхлыг төрүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус наадмыг энэ жил Сайнцагаан сумын ЗДТГ, Гуравдугаар цэцэрлэг хамтран зохион байгуулж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймгийн салбар, ОБГ, Зэвсэгт хүчний 278-р байгууламж, БТСГ, Автотээврийн төв, "Шувуутайн хийморь" ХХК, “Говийн гэгээ” ХХК,  Шонхор фитнес клуб, “Өнгүр хадаан” ХХК, Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнхтөр, Мандалговь-Нисэх буудлын дарга Г.Буянбат, Хувиараа хөдөлмөр эрхлэгч Ч.Галбадрах нар ивээн тэтгэжээ.

Сайнцагаан сумын ЗДТГ-аас 2023 оныг Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарлаж, хүүхдийн хөгжилд чиглэсэн 2023 оны ажлын гараагаа бага насны хүүхдүүдийн үндэсний бөхийн барилдаанаар ийнхүү эхэллээ.

Тус наадамд 64 бяцхан барилдаанч хүүхэд зодоглосноос Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн бөх Ц.Идэржавхлан түрүүлж, 6 цэцэрлэгийн бөх А.Алтанхишиг үзүүрлэжээ.



Шөвгийн дөрөвт 6 дугаар цэцэрлэгийн бөх Б.Тэлмүүн, 7 дугаар цэцэрлэгийн бөх О.Хүслэнбаяр нар шалгарсан бол “Уран барилдаанч бөх”-өөр 3 дугаар цэцэрлэгийн бөх О.Гантөгс, “Үзэгч олныг баясгагч бөх”-өөр 1 дүгээр цэцэрлэгийн бөх Э.Цэцэн нар тодорчээ.


Үндэсний бөхийн өмсгөлөө өмсөж, хоорондоо барилдаж, унаж, уйлж байгаа бяцхан хүүхдүүдийг харсан, үзсэн бүх л үзэгчид тэднийг хайрлаж, өхөөрдөж, зохион байгуулагчдад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

“Бага насны хүүхдийн үндэсний бөхийн наадам”-ыг санаачлагч, зохион байгуулагч, Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяагаас энэхүү наадмыг хэзээнээс, хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодруулахад “анх телевизээр “Хуйрнан шуугигч” гэдэг хүүхдийн барилдааныг үзээд, аймагтаа ийм барилдаан зохион байгуулахсан гэсэн хүсэл төрсөн. Их хөөрхөн санагдаад. Тэгээд хэд хэдэн байгууллагад хандсан чинь дэмжээд анхны наадмаа 2010 онд зохион байгуулж байлаа.

Түүнээс хойш Сайнцагаан суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 8 цэцэрлэг идэвхтэй оролцдог болсон.

Бөхөө дээдэлдэг ард түмний хувьд энэ өв соёлоо багаас нь суулгаж, бахархуулж, өвлүүлэх нь бидний үүрэг, тиймээс би энэ наадмаа зохион байгуулах гэж яардаг, догдолдог, бас маш их энерги, эрч хүч авдаг. Говь нутгаасаа сайн бөх төрүүлэх сайхан үйлийн эхлэл гэж боддог.

Үнэхээр сэтгэл хөдөлдөг шүү. Баярлаж, догдолж, хөөрч, бяцхан гомдож, уйлж байгаа хүүхдүүдийг харах үнэхээр өхөөрдөм байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 



Холбоотой мэдээ