Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 дахин нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-06 14:46:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (2.2 дахин) их наяд төгрөгөөр өслөө.


Үүнд уул уурхайн олборлолт 1.3 (2.8 дахин) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 62.3 (19 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.1 (8.9 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 117.3 (20.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хүрэн нүүрс, мөнгөний баяжмал, хайлуур жоншны баяжмал, чулуун нүүрс, цайрын баяжмал, газрын тос олборлолтын биет хэмжээ 13.9 хувиас 24.6 дахин өсөж, харин хайлуур жонш, төмрийн хүдэр, цэвэршүүлээгүй алт өмнөх оныхоос 11-41 хувиар багасжээ. 


Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, металл бэлдэц, гурил, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.7 хувиас 2.4 дахин өсөж, харин янжуур тамхи, шингэн сүү, цагаан архи, катодын зэс, цэвэр спирт, шохой, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, самнасан ноолуур, амны хаалт, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1–96.5 хувиар багассан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (2.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.7 (2.8 дахин) их наяд, цахилгаан хий, уур агааржуулалтын борлуулалт 49 (32.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.4 (10.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Гадаад зах зээлд 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 2.4 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 57.9 хувийг нүүрс, 37.1 хувийг металлын хүдэр, 4.3 хувийг газрын тос, 0.7 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2023 оны 1 дүгээр сард 237.3 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.7 нэгж хувиар нэмэгджээ. 

Холбоотой мэдээ