Нутгийн залуус өөрсдийн гараар нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-02 11:59:52

Ховд аймгийн Үенч суманд “Үенчийн ирээдүй бидний оролцоо” ТББ нь өнгөрөгч зун Цахир дэвсэг хэмээх газарт 19 хүний бүрэлдэхүүнтэй техникийн нөхөн сэргээлтийг гар аргаар хийжээ.

Тэд нийт 12 га талбайд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхдээ 15 хүнийг ажлын байраар хангажээ. Нөхөн сэргээлт хийх ажилчдыг хөдөлмөрийн хувцас, багаж хэрэгсэл, хоол хүнс, орон байр гэрээр ханган, өдрийн найман цагаар тогтмол ажиллуулахдаа өглөө бүр ажилчдын цагийг бүртгэж, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгч хэвшсэн байна.

Тус төрийн бус байгууллага эхлээд эвдрэлд орсон газрын талбай, ухсан нүхний тоо, гүн, шорооны овоолгын өндөр хормойн өргөн, газар доогуур ухсан /хонгил /-ийн уртыг  тогтоохдоо GPS, метр, олс зэрэг багаж төхөөрөмж ашиглан маш нягт нямбай  хөдөлмөр зохицуулалтын  хуваарьтай ажиллуулжээ.

Тэнд ойролцоогоор Цахир дэвсэгээс, Үенч голын эрэг хүртэл нийт 400 гаруй нүх ухаж эвдрэлд оруулсны  хамгийн гүн нүхний хэмжээ нь 1 метр 60 м гүн, хамгийн гүехэн гэхэд л 60-80 см гүн нүхнүүдийг тоо хэмжээг, талбайг нь нарийвчлан гаргажээ. 

Бас ухсан нүднүүдийн овоолсон шороо гэхэд л 500 гаруй, овоолгын дундаж өндөр нь  хагас метр хүрэхээр байсан байна.

Төрийн бус байгууллагын залуучууд ажлаа эхнээс нь  нарийвчлан тооцож, гуу жалга бүрийг тухайн багажаар хэмжиж нийт гурван хэсэг  жалгын   алтны нинжа нарын ухаж сүйтгэсэн 1160 гаруй нүхийг нарийвчлан гаргаж, 50-60 см орчим өндөр нийт 1000-аад овоолсон шороог  тарааж  нүхэнд дүүргэлт хийж, талбайг тэгшилж, хуучин байдалд нь оруулсан байна.

Ухаж сэндийлэгдсэн газрыг нөхөн сэргээсний дараа харахад бахархмаар, сумандаа шинэ ажил эхлүүлж нөхөн сэргээх шинэ загвар туршлагыг өөрсдийн гараар бий болгож чадсанаа хүнд харуулахад ч  урамтай, хүмүүст танилцуулахад нүүр бардам байдаг гэж "Үенчийн ирээдүй бидний оролцоо" төрийн бус байгуулагын тэргүүн Ц.Эрхэмбаяр хэлж байлаа.

Азийн сангийн ESEC II төслөөс нүхэнд дүүргэлт хийж талбай тэгшилэхэд ажилласан ажилчдад  нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу дүүргэлт хийж, талбайг тэгшлэх заавар зөвлөгөөг тогтмол өгч ажилласан нь оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүн боллоо.

 

  А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ