Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ирэх сарын 6-ны дотор чөлөөлөхийг үүрэг болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-20 15:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас ойрын үед хийхээр төлөвлөж буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр энэ үеэр хэлэхдээ "Засгийн газраас энэ жилийг Авлигатай тэмцэх жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулиудыг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны үеэр илэрхийлэхэд, гишүүд дэмжихээ мэдэгдсэн. Мөн таван "Ш" ажиллагааны нэг зорилт болох “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албаны хуулиудыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ирэх сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор хэрхэн яаж чөлөөлсөн тухайгаа ЗГХЭГ-т мэдэгдэхийг үүрэг болголоо. АТГ-ын оны эцсийн тайлангаас үзэхэд, зохих хуулиудыг зөрчиж томилсон 800 хүн байна гэсэн мэдээлэл гарсан. Тэрхүү мэдээллийг үндэслэж уг үүрэг даалгаврыг өгөөд байна. 


Хоёрдугаарт, авлигыг улмаас хураагдсан хөрөнгө, мөнгийг цаашдаа тулгамдсан салбарт хөрөнгө оруулалт болгож оруулдаг байх зохицуулалтыг хийдэг байхыг иргэд шаардаж буй. Өнөөгийн зохицуулалтаар хураагдсан мөнгө Төрийн санд орж, хөрөнгө нь төрийн бүртгэлд бүртгэгддэг. Тухайн мөнгө Төрийн санд орсон тохиолдолд шууд авч хэрэглэх боломж байдаггүй. Иймд эрүүл мэнд, боловсролын салбарт шилжүүлэн авдаг байх зохицуулалтыг хуульд тусгана. 


Гуравдугаарт, "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд буй. Энэхүү ажилд цаг хугацаа орохоор байна.

Мөн Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ашигт малтмалаас орж буй орлогыг Монголын нийт иргэдийн нийгмийн хангамжийг сайжруулах, хуримтлалын сан үүсгэх бололцоо бүрдэнэ.

Дөрөвдүгээрт, Аялал жуулчлалын тухай хуулийг батлах шаардлага үүсээд байна. Энэ оны эхний 2 сарын байдлаар 20 мянган жуулчин ирсэн гэсэн дүн мэдээ нэгтгэгдсэн нь өмнөхөөсөө 2-3 дахин өссөн үзүүлэлт юм. Ойрын үед гэхэд БНСУ руу өдөрт 10 онгоц хоёр талдаа нисдэг болно. Ингэснээр 1 сая жуулчин хүлээж авах бололцоотой" гэв. 


Холбоотой мэдээ