БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-25 10:21:13

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын тал зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмуудыг хүндэтгэж, гадаадын компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлэхээ зогсоох ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгджээ.


ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин пүрэв гарагт АНУ-ын Конгрессын сонсголд TikTok компанийн гүйцэтгэх захирал оролцсоны дараа өдөр тутмын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна. Мао Нин холбогдох асуултад хариулахдаа, Бид мөн TikTok-ийн хийсэн тайлбарыг тэмдэглэсэн хэмээн Хятадын Засгийн газар хуулийн дагуу мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгааг онцолжээ.


Хятадын Засгийн газар аливаа улс орны хууль тогтоомжийг зөрчин гадаадын улс орнуудад байгаа өгөгдөл, мэдээлэл, тагнуулын мэдээллийг цуглуулах, өгөхийг компани, хувь хүмүүсээс хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд хэзээ ч шаардахгүй гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ-ын Засгийн газар TikTokүндэсний аюулгүй байдалд нь заналхийлж буйг нотлох ямар нэгэн нотолгоог хараахан гаргаж өгөөгүй байгаа ч удаа дараалан гэм буруутайд тооцож, холбогдох компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлсээр байна гэж Мао Нин АНУ-ын Конгрессын зарим гишүүний гаргасан “TikTok”-ийг хориглох саналын талаар хэлэх үеэрээ тэмдэглэжээ.


Америкийн тал зах зээлийн эдийн засаг, шударга өрсөлдөөний зарчмуудыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, гадаадын компаниудад үндэслэлгүйгээр шахалт үзүүлэхээ зогсоож, АНУ-д хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй орчныг гадаадын компаниудад бүрдүүлэх ёстой гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ