"Мөнгөн мод-2022" наадамд 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-27 09:23:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” наадмын ёслол УДБЭТ-т өнөөдөр болно.


Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай.


"Мөнгөн мод-2022" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулна.
Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, "Мөнгөн мод" цом, мөнгөн шагналаар урамшуулах юм.
14 дэх жилдээ зохион байгуулж буй “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдөж байна.
Холбоотой мэдээ