СТАТИСТИК: Татварын орлого 1.2 их наяд төгрөгөөр өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-18 08:15:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр, татварын нийт орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.2 (34.8 хувь) их наяд төгрөгөөр өсөв. Үүнд:

  • Орлогын албан татварын орлого 604.3 (73.1 хувь) тэрбум төгрөг,
  • НӨАТ 158.4 (19.2 хувь) тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 198.7 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татвар 89.5 (35.0 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.0 нэгж хувиар, бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.6 нэгж хувиар тус тус өсөв. Харин НӨАТ-ынх 2.8 нэгж хувиар, гадаад үйл ажиллагааны  орлогынх 0.4 нэгж хувиар, нийгмийн  даатгалын  орлогынх 0.5 нэгж хувиар, онцгой албан татварын орлогынх 3.9 нэгж хувиар тус тус буурсан байна.



Татварын нийт орлого энэ оны 3 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 930.6 (91.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөв. Үүнд, орлогын албан татварын орлого 542.8 (7.8 дахин) тэрбум төгрөг, НӨАТ 72.7 (23.4 хувь) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 126.5 (57.2 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин онцгой албан татвар 6.9 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр  зээлийн хэмжээ оны эхний улиралд 4.1 их наяд төгрөг болж,өмнөх оны мөн үеэс 315.5 (8.3 хувиар) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Зарлагын өсөлтөд хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 163.0 (96.1 хувь) тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардал 176.0 (23.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь оны эхний улиралд өмнөх оны үеэс 2.8 нэгж хувиар, хүүгийн зардал 4.0 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 6.1 нэгж хувиар, татаас 0.7 нэгж хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ