Хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр засаглалын менежмент сайжирна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-21 08:07:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” өчигдөр “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор боллоо. 2015 оноос хойш зохион байгуулж ирсэн уг форумд өмнө нь дотоодын компани, ААН-үүд оролцож байсан бол энэ жил гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд болон хамтын ажиллагаатай байгууллага, ЭСЯ, харилцаат хотын төлөөлөл 500 орчим зочин, төлөөлөгч оролцов. Форумаар хөрөнгө оруулалт шаардлагатай, мөн Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын 50 төслийг танилцуулж хэлэлцүүлсэн юм.


Тухайлбал, “Талын метал нутаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Асхар нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөлийн төслийг танилцуулсан бол “Хот, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломж” сэдвээр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар мэдээлж, нийслэлийн урт хугацааны тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах ухаалаг боломжуудын талаар мэдээлэл, санал солилцов.


Форумд Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тиласони Бенжамин Мусуку “Нийслэл хотын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломж, Дэлхийн банкны үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, Дэлхийн банк Монгол Улстай 2020-2025 онд хамтран ажиллах түншлэлийн шинэ хүрээг гаргасан.

Улаанбаатарын хувьд хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цэвэр агаар, тогтвортой усны нөөцийг бий болгох чиглэлд хамтран ажиллаж байна. Цаашид нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд тэмүүлэхийн тулд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, засаглалынхаа менежментийг сайжруулах ёстой гэдгийг онцолсон юм.


Форумаар Улаанбаатар хотод тулгамдаж буй байгаль орчин, дэд бүтцийг шийдэх, хот төлөвлөлт, барилга, замын бүтээн байгуулалтад хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх чиглэлээр 14 санамж бичиг, гурван гэрээ байгуулав. Тодруулбал, “HUB Инновацын төв” дээр танилцуулсан гарааны компаниуд дараагийн шатны хөрөнгө оруулалтаа татах гэрээ, хэлцлийг хийлээ. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн зарим ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхэд хамтран ажиллахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 5 ААН-тэй гэрээ байгуулав.




 

Холбоотой мэдээ