Хуш модны самар түүхдээ анхаарах зүйлийн талаар иргэдэд зөвлөмж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-07 15:31:29

Сэлэнгэ аймгийн МХГ-аас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь зохих зөвшөөрлийг үндэслэн самар түүж бэлтгэхийг анхаарууллаа.

Сүүлийн өдрүүдэд суурин газрын гудамж, талбайд Хуш модны болц гүйцээгүй түүхий боргоцой, цайруулсан самар худалдаалах нь ихсэж байгаа. Тухайлбал болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг аж. Энэ нь халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй юм. Хуш модны самар нь 10-р сарын дунд үеэр бүрэн боловсорч гүйцдэг учраас тухайн жилийн ургацын хэмжээнээс хамаарч эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр 10-р сарын 15-наас дараа оны 3-р сарын 15-ны хооронд бэлтгэхээр журамд заасан байдаг байна.

Болц гүйцээгүй түүхий боргоцой нь мөчрөөс салж унахдаа  бэрхшээлтэй байдгаас хүмүүс модны гол ишийг мунаар хүчтэй цохих, мөчрийг нь хугалах зэргээр хуш модны гол иш, титмийг ихээхэн гэмтээдэг байна. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой гэнэ.

Мөн ойд амьдардаг олон зүйл амьтан, шувуудын үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэг онцлогтой ажээ. Түүнчлэн хуш мод нь экосистемийн бүрэлдэхүүн хэсэг, нөгөө талаар ан амьтдын хүнс тэжээл хоол нь болдог байна. Хуш модны самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын хүнс тэжээл болдог аж. Ийнхүү самрыг их хэмжээгээр түүснээр экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, амьтдын хүнс тэжээл дутагдах, мөн эргэж нөхөн үржиж, ургаж байх ёстой хуш модны самрын үйл явц алдагддаг байна. Иймээс болж гүйцсэн үед нь журмын дагуу хуш модны самрыг түүх хэрэглэхийг аймгийн МХГ-аас анхаарууллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ