Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал ямар түвшинд байна вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-28 10:09:23
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.04.27) нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.


Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Хунан уг илтгэлийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, илтгэлийг 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, ХЭҮК-т ирсэн гомдол, мэдээлэл болон комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл болон бусад эх сурвалжид үндэслэн долоон бүлгийн хүрээнд боловсруулсан гэдгийг хэлж, бүлэг тус бүрээр хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаар тоймлон дурдлаа.


Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах зохицуулалтууд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад бий ч эдгээр хуулийг хэрэгжүүлэхдээ эрх зүйн хийдэл гаргах, алба хаагчдын мэдлэг, хандлагаас шалтгаалан хүний халдашгүй эрх зөрчигдөж байгааг ХЭҮК-ын дарга онцолсон юм.


2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллажээ. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр, хэт өргөн хүрээтэй хуульчилсан, баривчлах ажиллагаа шүүхийн хяналтад бүрэн ороогүй, бүх насаар хорих ял эдэлж байгаа хоригдлын эрхийг хангах хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, ганцаарчлан хорих ял эдлүүлэх шийтгэл өнөөг хүртэл байсаар байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж тэрбээр тэмдэглээд, хууль, эрх зүйн зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенцод бүрэн нийцүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн эмнэлгийн чанартай албадлагын болон хүний эрхийг хязгаарлах, саатуулах арга хэмжээ хэрэглэхэд гарч байгаа процессын зөрчилтэй байдлыг дурдаж, хуулийн тодорхойгүй нөхцөлөөс болж хүний эрх чөлөөг дур мэдэн хязгаарлах эрсдэл бий болоод байгааг анхааруулсан юм.


Мөн тэрбээр, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хараат бус, олон ургальч дуу хоолой нэмэгдсэн нь тэдний үйл ажиллагааг хянах, эдийн засгийн болон бусад аргаар нөлөөлөх сонирхлыг нэмэгдүүлж байгаа талаар дурдаж, санхүүжилтийн хязгаарлагдмал нөхцөл нь хэвлэл мэдээллийн салбарыг эмзэг болгож буйг ярилаа. Хэвлэл мэдээллийн эзэмшлийн хэт төвлөрөл, ил тод бус байдал элдэв төрлийн цензур хэлбэрээр илэрч, олон нийтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үл итгэхэд хүргэж байна гээд тэрбээр, хараат бус, мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбарыг төлөвшүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстойг онцлов.


Түүний танилцуулснаар, Монгол Улсад 2020-2023 онд 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт болжээ. 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зарим ойлголт, зохицуулалт хэт ерөнхий байгаагаас иргэд, төрийн албан хаагчид хооронд үл ойлголцол үүсэж байгааг тэрбээр тэмдэглээд, орчин үед зохион байгуулагчгүй, бүртгэх боломжгүй цуглаан аяндаа үүсэх, нэг цуглааныг эсэргүүцсэн зэрэгцээ цуглаан гарах, иргэний үл захирагдахуйн акц явуулах, хэн болохоо илчлэхгүй, эсвэл урлагийн хэв маяг бүхий бүтээлч хэлбэрээр цахим орчинд дижитал болон биет байдлыг хослуулж үзэл бодлоо илэрхийлэх зэрэг олон арга хэлбэр бий болж буйг нэрлэсэн юм. Иймд цаг үеийн шаардлагыг харгалзан тус хуулийг шинэчлэх, ингэхдээ төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, олон нийтийн дуу хоолойг тусгах, Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хүний эрхийн зарчим, хэм хэмжээ, сайн туршлагад нийцүүлж батлах хэрэгтэй байгааг дурдав.


Төрийн албаны тухай хуульд оруулсан олон удаагийн нэмэлт, өөрчлөлт хуулийн анхны үзэл баримтлал, суурь зарчмыг алдагдуулсан гэж ХЭҮК үзжээ. Төрийн албан хаагчид ядуурлын нөхцөлд байна хэмээн комиссын дарга мэдэгдлээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлагын томилгоо улс төр төрөөс хамааралтай, тогтворгүй байгаагаас төрийн албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдсаны зэрэгцээ ажлын ачаалал их, аюулгүй байдал хангалтгүй, дарамт шахалт, зүй бус харьцах асуудал үлэмж байгааг тэрбээр дурдав. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж муу, тэтгэмж урамшуулал, нийгмийн хангамж тааруу, орон сууцын дэмжлэг хангалтгүйгээс төрийн албан хаагчид хувийн хэвшлийн байгууллагад шилжих, эсвэл гадаад оронд ажиллахаар явах үзэгдэл хэвийн зүйл болсон байна гэлээ.


Хүүхдийн эрхийн асуудал анхаарал татаж буйг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хөндөн ярьж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 онд улсын хэмжээнд нийт 532 дотуур байр байгаагийн 477 нь стандартын, 55 нь стандартын бус гэж мэдээлсэн боловч тус комисс 79 дотуур байранд хяналт шалгалт хийхэд бүгд стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байсныг тэмдэглэсэн юм. Тэдгээрт, нэг өрөөнд олноороо амьдрах, ундны усны асуудал шийдвэрлээгүй, хоолны зардал хүрэлцээгүй, ариун цэврийн өрөөний нөхцөл хангалтгүй, эмч, эмийн хүрэлцээ дутмаг, хүүхэд хамгааллын ажил явуулах төсөвгүй, хяналтын камергүй зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн байна. Монгол Улсад 2017 оноос Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллаж байгаа. 2022 оны байдлаар ийм хороо улсын хэмжээнд 39 ажиллаж, гэмт хэрэгт холбогдсон 577, хохирогч болсон 703, гэрч болсон 211, нийт 1491 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас мэдээлсэн. ХЭҮК-оос хүүхдийн эрхийн хууль зүйн 23 хороог хяналт шалгалтад хамруулахад үйл ажиллагаа нь жигдрээгүй, тогтмол хуралддаггүй, гишүүд нь орондоо өөр хүн хуралд суулгадаг, чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хөтөлбөр, төлөвлөгөөгөө баталдаггүй, гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдүүдэд цөөн үйлчилгээ үзүүлсэн буюу хангалттай туслаагүй, мэдээлэл, тайлан, бүртгэл нь бүрэн бус зэрэг түгээмэл зөрчлүүд гарчээ. Иймд ХЭҮК-оос Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлыг үр дүн муутай, хэлбэр төдий, хүүхэд бүрд хүрч ажилладаггүй гэж дүгнэсэн байна.


Түүнчлэн, ахмад настны эрх бас асуудалтай байгааг ХЭҮК-ын дарга танилцууллаа. Ахмадуудад төрөөс олгож буй тэтгэвэр наад захын хэрэгцээг нь хангахгүй байна. Нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, хангалтгүй байна. Хөгжих, хөдөлмөрлөх, ядууралд өртөхгүйгээр амьдрах боломж нөхцөл ахмад настнуудад алга байна хэмээн тэрбээр дурдав. Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг бодитой бус, инфляцтай уялдаагүй, улс төрийн шинжтэйгээр авч хэрэгжүүлдэг тул тэтгэврийн зөрүү, ялгаа үүсгэж буйг мөн онцгойлон анхааруулав. Эрүүл мэндийн үйлчилгээ чирэгдэл ихтэй, эмийн үнэ өндөр, эмч, эмнэлгийн ажилчдын зан харилцаа муу, Геронтологийн үндэсний төвийн барилга байгууламж, материаллаг бааз, хүний нөөц, санхүүжилтийн хүрэлцээгүй байдлаас болж ахмад настны эрх зөрчигдсөөр байна. Тэдэнд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдээгүйгээс гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, ялангуяа нийгмийн амьдралд оролцоход сөргөөр нөлөөлдөг хэмээн ХЭҮК-ын дарга тэмдэглээд, урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоо, асаргааны даатгалын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Мөн, ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэх идэвх санаачилга гаргаж байгаа ч тэднийг ажиллуулахгүй, тэдэнд тохирсон ажлын байр байхгүйгээс бүтэлгүйтэж, насаар ялгаварлагдах, үл хайхрагдах, ганцаардах, сэтгэл гутралд орох, нийгмээс тусгаарлагдах явдал их байгаа юм. Иймд ахмад хүмүүсийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдийг татвар, урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ХЭҮК үзсэн байна.


Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт хүний эрх хамгаалагчийн тогтолцоог бүрдүүлсэн анхны улс болсон. Гэвч хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөх, тэдэнд аюул, эрсдэл учрах тохиолдол гарсаар байгааг ХЭҮК-ын дарга Ж.Хунан тэмдэглэлээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар аюул, эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй хүний эрх хамгаалагч, түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч үүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгагдаагүй байна. Уг хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд зааж өгсөн хэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайн зөрчлийг ямар байгууллага хариуцахыг огт зохицуулалтгүй орхижээ. Үүнээс үүдэн хэргийн харьяалал тодорхойгүй гэх үндэслэлээр асуудал эзгүйдэж, хүний эрх хамгаалагчдын зөрчигдсөн эрх үр дүнтэй сэргээгдэхгүй, зөрчигдсөн хэвээр байгаа юм.


Мөн, улс төрийн хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд гарах үр дагавар, хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй байгааг ХЭҮК-ын илтгэлд дүгнэсэн байна. Улс төрийн намууд энэ талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа тайланг Жендерийн үндэсний хороонд хоёр жил тутам хүргүүлж байхаар хуульчилсан боловч МАН, ХҮН, Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022 онд анх удаа ирүүлснээс бусад нам үүнийг огт хэрэгжүүлэхгүй байгааг комиссын дарга Ж.Хунан цохон тэмдэглэлээ. Эмэгтэй улстөрчид, албан тушаал хашиж байгаа, сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд нэр хүндэд нь халдах, хэл амаар доромжлох, ялангуяа цахим орчинд эрэгтэйчүүдээс илүү их дайралт, дарамтад өртөж байгааг тэрбээр дурдаж, сонгуульд нэр дэвших санхүүгийн шалгуурыг тэр бүр давдаггүй, хандив, дэмжлэг авч чаддаггүй нь тэдний улс төрийн оролцоог хязгаарлаж байна гэсэн юм.


Дараа нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Байнгын хороо илтгэлийг хоёр өдрийн турш буюу энэ сарын 25, 26-нд олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар, сэдэв тус бүрээр хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд зургаан төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн таван байгууллага, мэргэжлийн гурван холбоо, төрийн 23 байгууллагаас давхардсан тоогоор 97 төлөөлөл оролцож, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулсан гэж тэрбээр танилцуулав.


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн боловсролын салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн албан хаагчдын томилгоогоор ажил албан тушаалаас чөлөөлөгдөж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн судалгаа байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин хомсдолд орсонтой холбогдуулан тухайн орон нутгийн онцлогийг харгалзаж төрийн албаны шалгалтыг ялгамжтай авах боломж бий эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар төрийн байгууллагуудад өгсөн шаардлагын биелэлтийн талаар асууж, хариулт авчээ. Мөн Хүүхдийн эрхийн асуудал сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар, насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болж, үр хөндүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн орчин нөхцөл, хамгааллын талаар тус тус асуусан бол ахмад настны эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тэтгэврийн зөрүүг арилгах бодлого, ахмадууд орон сууцны хөнгөлөлтөд хэрхэн хамрагддаг талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахмад настны ганцаардлын асуудал, хүчирхийлэлд өртсөн ахмадын тоо, шалтгааны талаар асууж, холбогдох хүмүүсээс хариулт авсан байна.


Мөн, улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог хангах боломж бололцооны талаар, халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт сэдвийн хүрээнд, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болох хэрхэн өөрчлөх, мөн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа тохиолдолд цахим орчинд нийтэд зарлаж, шүүхээр эцэслэн шийдвэрээгүй байхад олон нийтээр яллаж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир мөрдөгчийн хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрийн доор хавтгайруулж зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цагдан хорьж байгаад нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, шалгаж буй хэргийн мэдээ баримт, зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэрэгтэн хэмээн цоллож байгааг хуулийн байгууллага шалгах талаар, Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, түүний үр дагаврын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хэвлэл мэдлээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулах шатанд талуудын оролцоог Засгийн газар хэр хангаж, ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, уул, уурхайн компанид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаар ХЭҮК-той хамтарч шалгалт хийх санал дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог чангаруулахад анхаарах шаардлагатайг тэмдэглэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир улс төрд манлайлагч эмэгтэйчүүдийг сонгохын тулд тэднийг хооронд нь өрсөлдүүлэх зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй гэсэн санал илэрхийлсэн байна. Илтгэлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, ХЭҮК-ын дарга Ж.Хунангийн танилцуулга болон тус илтгэлийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, аливаа эрүүгийн хэргийн хуулиар хориглосон мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр урьдчилан тарааж, уур амьсгал бүрдүүлж, нийгмээр яллуулж байгаа нь эргээд шүүх, прокурорын байгууллагын биеэ даасан, хараат бус байдалд хүндрэл дарамт учруулж буй тухай болон мэдээллийг задруулж байгаа эздийг олж илрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаар асуув. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, ХЭҮК-ын энэ удаагийн илтгэл маш сайн бичигдсэн байна хэмээн үнэлээд, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг яллаж, цахим гав зүүж буй асуудлыг судалж үзэхийг сануулж, нийт баривчилгааны 73 хувийг шүүх мэдээгүй, шүүхийн хяналтын гадуур хийгдсэн явдалд анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөв. Мөн тэрбээр, ирэх долоо хоногт Хүний эрхийн дэд хороог хуралдуулах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт тавьсан шаардлагаа сануулсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, үндэслэлгүй хорьсон тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа, үүнийг таслан зогсоох талаар ХЭҮК-т тодорхой санал байгаа, эсэх болон сошл орчинд хүний эрхэнд халдаж байгаатай яаж тэмцэж байгааг асуухад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тус байнгын хорооны хуралдаанд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдын танилцуулсан нууц мөрдөн шалгах ажиллагааны талаарх санал дүгнэлтийг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв.


Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ахмад настны эрхийг хангах, тэднийг ядуурал, үнийн өсөлт болон ганцаардлын эмгэгээс хамгаалах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, ХЭҮК-ын илтгэлд огт дурсагдаагүй боловч хамгийн их ярих ёстой асуудал бол хувийн хэвшлийнхний эрх, эрх чөлөөг хангах тухай асуудал болохыг, мөн захиалгатай, төлбөртэй, шантаажны сэтгүүлчдийн худал мэдээлэл, гүтгэлэг тараадаг явдлыг эцэс болгох тухай, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэсэн бол тухайн гүтгүүлсэн хүнд өөрийгөө хамгаалах, уг гүтгэлгийг няцаах цаг хугацаа, зай талбайг ижилхэн олгож байх тухай, Улсын их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, төрийн албан хаагчдыг халдаг, чөлөөлдөг, улс төрийн нөлөө, үйл ажиллагаанд татан оролцуулдаг, улмаар тухайн салбарт тогтворгүй байдал үүсгэдэг хөдөлмөрлэх эрхийн зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар асууж, хариулт авав. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Засгийн газрын үнэн төрхийг илчилсэн тайлан боллоо гэж дүгнээд, илтгэлд туссан тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдлийн талаар огт дурдаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрээр баривчилгаа явуулж, тэдний ихэнхийг буцаагаад суллаж байгаа нь хэлмэгдүүлэлт болохыг дурдаж, үүний шалтгааныг арилгуулах талаар ХЭҮК ажиллах ёстой гэсэн юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр хүндэд халдах гэдэг заалт оруулж, улмаар Зөрчлийн хуулиар эхлээд 50 000 төгрөгөөр, дараагийн удаа 500 000 төгрөгөөр торгодог болсон нь хүмүүсийн амыг барих, үг хэлэх эрх чөлөөг нь боомилох арга хэрэгсэл болсон гэж тэрбээр байр сууриа илэрхийлэв. Үүнд хариулахдаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, олон зуун хүнийг, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг торгосон нь үнэн болохыг батлаад, энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд ХЭҮК өнөөдөр хэлэлцүүлж буй илтгэлдээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн загвар төсөл хавсаргасныг танилцуулж, уг төслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн барих санал тавив.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хүний эрхийн нөхцөл байдал дээрдэхгүй байгааг дурдаж, хүний эрхийн зөрчил нийгэмд ил тод явагдаж байхад тэр бүхнийг таслан зогсоох арга хэмжээ яагаад авахгүй байгааг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэлэлцэн буй асуудлаарх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, мөн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдлуудын тухай, түүнчлэн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэлэмжийн тухай, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, жагсаал, цуглааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой санал байгаа эсэх, удахгүй болох Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдрөөр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах тухай асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, иргэд хүний эрхийн зөрчлийн талаар хэнд, хэрхэн гомдол гаргах, ХЭҮК иргэдийг бүрэн хамгаалж чаддаг эсэх тухай, мөн тус комиссын өгсөн зөвлөмжийг холбогдох албан тушаалтнууд хэрхэн биелүүлдэг тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар уул уурхайтай бүс нутгийн иргэдийн эрх, мөн уурхайд ажиллагсдын эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэхийн тулд эрх зүйн ямар зохицуулалт хийх шаардлагатайг асууж, байр сууриа илэрхийллээ.


Улсын Их Хурлын гишүүдийн асуултад ХЭҮК-ын дарга Ж.Хунан, тус комиссын гишүүн С.Дондов Х.Мөнхзул Г.Нарантуяа, Д.Сүнжид Б.Энхболд, комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар хариулт өгөв.


Илтгэлийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг дүгнэж үг хэллээ. Тэрбээр, аливаа асуудлыг хууль руу чихэж, хууль болохгүй байна гэж булзааруулах явдал байгааг анхааруулаад, хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэх тал дээр маш их асуудал байна хэмээн сануулж, холбогдох асуудлуудаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгов. Тогтоолын төсөлд, хөдөлмөрлөх эрх, харилцаа, цалин хангамжийн талаар өнөөдрийн хэлэлцүүлэг дээр яригдсан санал, санаачилгыг тусгахыг даалгалаа. Мөн, халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар процессын хуулиудад нарийвчлан тусгаж, тодорхой болгох, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үе шат, шаардлагын дагуу боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатайг тэмдэглээд, хуулийн хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хянах “хэвтээ хяналтын тогтолцоо”-г нэвтрүүлэх талаар судлахыг үүрэг болгов.


Дараа нь ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмүүн тайлан илтгэлдээ, тус комиссын тухай хуульд заасан хүн өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлтэй нийт 843 газарт, давтагдсан тоогоор жилд 144942 иргэн урт, богино ямар нэг хугацаагаар байрлаж байгаагаас нэн тэргүүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн ойролцоогоор 37000 гаруй хүнд тогтмол хүрэлцэж, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай байгааг дурдаад, үүнийг шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчдын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Тэрбээр 2022 оны наймдугаар сараас эхлэн нэгжийн таван албан хаагчийн хамт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн, асрамжийн тасгууд, Ахмад настны үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төв, орон нутагт байрлах хорих анги, цагдан хорих хаалттай 461 дүгээр анги, баривчлах байр, цагдан хорих байр, цагдаагийн газар, хэлтсүүдийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр, сургуулийн дотуур байр зэрэг нийт 23 газар орон, байршилд хяналт шинжилгээ хийжээ. Хяналт шинжилгээний хүрээнд тэдгээр газруудад хүмүүсийн эрхийн хэрэгжилт, мөн алба хаагчдын хөдөлмөрлөх нөхцөл, эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцлийг судалж, өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлд байгаа 1954 хүнээс олон улсын жишиг стандарт, өөрийн улсын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авч, хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон, баривчлагдсан 411 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 48 ажилтан, алба хаагчтай өөрсдийнх нь хүсэлтээр уулзаж, 209 хүнд зөвлөгөө өгч, харьяаллын дагуу зургаан гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна. Нийт 3357 хүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх болон хүний эрхийн асуудлаар сургалтууд хийж, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэд хэдэн гарын авлага бүтээж, эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар иргэд, олон нийтэд тайлбарлан сурталчлах ажлуудыг зохион байгуулсан байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 11 зөвлөмжийг хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллажээ.


Тэрбээр тайлан илтгэлдээ, эрүү шүүлт тулгаж, хүнтэй хүнлэг бусаар доромжлон харьцаж, хууль бусаар мөрдөх, нотлох ажиллагаа явуулж, олон жилийн ял шийтгэсэн үйл баримт нийтэд дэлгэгдэж, нийгмийг айдаст автуулж, ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэсэн үйлдэл, эс үйлдэл багагүй гарч, түүний хор холбогдол арилахгүй байгааг дурдаад, үндэсний урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм.


ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тайланг хэлэлцэх үед тэрбээр хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн орчин нөхцөл, эрүү шүүлт байж болзошгүй улаан шугамын эрх зүйн үндэслэл, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүнийг хорих ял шийтгэгдсэн этгээдтэй нэг дор, хяналтын камергүй өрөөнд оруулж эрүүл мэндэд нь халддаг асуудал байгаа эсэх, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа хүмүүст олгодог нийгмийн халамжийн тэтгэврийн талаар, мөн эрүүл хүнд хуурамч өвчний онош тавьж ял завшуулдаг асуудал байгаа эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг ямар нэг шийдвэргүй үргэлжлүүлдэг асуудал байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.


Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд зөвлөмж хүлээж авсан байгууллага, албан тушаалтан уг зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох, мөн эрүү шүүлтэд өртсөн тухай гомдол ХЭҮК-т хэд ирсэн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал Монгол Улсад ямар түвшинд байгаа, урьдчилан сэргийлэх ажилд ямар хэмжээний зардал хөрөнгө шаардлагатай зэргийг асууж, хариулт авлаа.

Холбоотой мэдээ