ДОРНОГОВЬ: Барилгын салбарын үзэсгэлэн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-03 10:14:47

Сайншанд /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 28-29-нд болсон “Нээлттэй Дорноговь” чуулганы үеэр барилгын салбарын үзэсгэлэн гаргаж, барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, зураг төсөл зохиогч, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.

Орон нутгаас аймгийн газар зохион байгуулалт, хот байгуулалт, барилга, орон сууц, инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, барилгын болон сэргээгдэх эрчим хүчний салбарын төрийн бус байгууллагуудтай аймаг орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдгээрийн гишүүнчлэлтэй компаниудыг аймгийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах зорилго тавьсан байна.

Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын салбарын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник технологи болон орон нутагт хэрэгжиж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг танилцуулан сурталчилж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нээх, ногоон орон сууц, ногоон зээлийн санхүүжилтийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан аж.

Дорноговь аймаг ирэх жилүүдэд 10 мянган айлын орон сууц барих төлөвлөлт хийсэн бөгөөд дээрх барилгыг барихад оролцох барилгын компаниудтай хамтрэн ажиллах зорилт дэвшүүлжээ.    

Холбоотой мэдээ