“Samsung”-ийн тэргүүн “Tesla”-гийн гүйцэтгэх захиралтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-15 11:44:41

СӨҮЛ. /Yonhap/. Samsung Electronics” компанийн тэргүүн Ли Жэ Ён “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай уулзсан талаар “Samsung” компани ням гарагт мэдээллээ.


Ли Жэ Ён И.Масктай Калифорни муж улс дахь Цахиурын хөндийд байрладаг “Samsung Electronics”-ийн хагас дамжуулагчийн судалгааны төвд өнгөрсөн лхагва гарагт уулзжээ. Хэдийгээр тэд янз бүрийн арга хэмжээний үеэр уулзаж байсан ч анх удаагаа хувийн уулзалт хийсэн нь энэ юм.


Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, “Samsung”, “Tesla” бүрэн автомат жолоодлоготой автомашинуудад зориулсан чип зэрэг шинэ үеийн мэдээллийн технологийн салбарын технологиудыг хөгжүүлэх чиглэлээр түншлэхийг эрмэлзэж байгаа ажээ. 


Улмаар сүүлд болсон уулзалт нь хоёр компанийг автомашины чипний салбарт түншлэлээ өргөжүүлэх замыг нээж магадгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Автомашины чипний дэлхийн зах зээл 2024 онд 400 тэрбум ам.доллар, цаашлаад 2028 онд 700 тэрбум ам.доллароор үнэлэгдэх тооцоо гараад байгаа юм.  


Ли Жэ Ён АНУ-д 22 хоногийн аялал хийснийхээ дараа баасан гарагт эх орондоо эргэн иржээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла, “Google”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай тэргүүтэй бизнесийн салбарын манлайлагчидтай уулзсан байна. 

Холбоотой мэдээ