ТӨВ: Зуунмодынхон энэ жил 700 гаруй цэцэглэдэг мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-02 16:57:42

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хот нь энэ жил 700 гаруй голтбор мод тарихаар төлөвлөжээ. Энэ талаар Зуунмод цэцэрлэгжүүлэлт Орон нутгийн өмчийн үйлдвэрийн газраас тодруулбал, Зуунмод сумаа цэцэглэдэг модоор гоёхоор төлөвлөж энэхүү ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 550 гаруй мод тарьсан байна.


Голтбор бут нь 1-5 м хүртэл өндөр ургадаг, чийглэг, шаварлаг хөрсөнд дуртай. 6-7 дугаар сард үнэр ялдам ягаан цэцгүүд шигүү багц үзүүрээс иш рүү сунасан хэлбэртэй ургана. Хот тохижилт, ногоон байгууламжид ихээхэн тарьж ургуулах ба зарим сорт намар дахин цэцэглэдэг. Намар навч улбар хүрэндүү өнгөтэй болдог ба тайрал, таналт сайн даадаг ургамал юм. 40 дээш жил насална. Манай оронд 10 гаруй зүйлийн голт бор байдгаас орос, хятад сортууд нь түгээмэл тарьж байна.

Тарихдаа юуг анхаарах вэ?

Голчоороо 40-50 см, гүнээрээ 40 см нүх ухаж бэлтгэнэ. Хайрга чулуутай хөрсийг зөөж зайлуулан ханыг тэгшилнэ. Үржил шим муутай чулуу хайргатай хөрсөнд бут сөөгийг тарьж суулгахдаа хар шороон хөрсийг бэлтгэдэг. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй харагдана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо элсийг нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж улмаар дүүргэн суулгацаа эргэн тойрон гишгэж нягтруулна. Нүхийг хар шороогоор дүүргэн, ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ. Тогооны хажуу ирмэг 10-15 см байвал зохино. Нэг бүрчлэн услах модонд ийм тогоог заавал гаргаж өгөх шаардлагатай.


Холбоотой мэдээ