Анхны дархан аваргын нэрэмжит идэрчүүдийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-12 14:07:00

Булган аймгийн Хангал суманд Дархан аварга Б.Түвдэндоржийн 100 насны ойн бөхийн идэрчүүдийн барилдаан болно.

Тус барилдааныг "Хангалын хүчтэн" бөхийн холбоо, Хангал сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зохион байгуулж байгаа бөгөөд 2016 оны 9 сарын 17-ны билэгт сайн өдөр тус барилдаан болох юм байна.

Бадамдоригийн Түвдэндорж нь одоогийн Булган аймгийн Хангал суманд /хуучнаар Сэлэнгэбүрэн сум/ 1916 онд мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа барилдах ноцолдох дуртай хүүхэд байсан бөгөөд анх 1939 оны улсын үндэсний их баяр наадамд 9 давж улсын арслан цол хүртэж байжээ. Ийнхүү жил бүр цол ахин барилдсаар 1952 онд 9 давж түрүүлэхэд нь "Улс даяар дуурсах шалгарсан хүчит далай даян" чимэг хүртээжээ.  Б.Түвдэндорж аварга нь  орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга төдийгүй Монгол Улсын анхны гавьяат цолтой  тамирчин юм. Тэрээр 1986 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

                                                                                                                                      П.Батням

Холбоотой мэдээ