СҮХБААТАР: Дарьганга зусланг шинэчлэх ажил санхүүжилтийн улмаас гацжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Олон жилийн
түүхтэй, хүн бүрийн дурсамжийг хадгалсан Дарьганга хүүхдийн зуслан хаачив гэж
асуух иргэн цөөнгүй байна. Учир нь тус зусланг улсын төсвийн 1,5 тэрбум
төгрөгөөр бүрэн шинэчлэхээр шийдвэрлэсэн
байдаг. Эхний санхүүжилт 2019 онд орж, 2020 онд зуслангийн хуучин барилгыг
буулгах ажил хийсэн. Гэвч одоогоор зуслангийн барилга, бүтээн байгуулалтын
ажил зогсонги байдалтай байгаа нь ийнхүү олны дунд дээрх асуулт гарахад хүргээд
байгаа юм.
Дарьганга зуслангийн ажлыг
захиалагч нь аймгийн ЗДТГ, гүйцэтгэгчээр "Монсекон" ХХК шалгарчээ. Тиймээс зуслангийн
барилгын ажил, нөхцөл байдал өнөөдрийн байдлаар ямар байгаа талаар холбогдох газруудаас
тодрууллаа.
Гүйцэтгэгч: "Монсекон" ХХК-ийн
гүйцэтгэх захирал Ц.Маргад
Зуслангийн хуучин барилгууд
ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир буулгах шийдвэрийг мэргэжлийн
байгууллагаас гаргасан. Энэ дагуу эхний ээлжид буулгаж, дөрвөн
байрыг шинээр барьсан. Удахгүй дотоод заслын ажил эхэлнэ. Нарс, Гацуур бүлгийн
хоёр байр бүрэн засварт орно. Алтан овооны тахилгын өмнө байруудыг дуусгаж,
ашиглалтад өгнө. Санхүүжилттэй холбоотойгоор гал тогооны барилга болон бусад
ажлуудыг хийх боломжгүй болсон. Анхны төсөв 1,5 тэрбум төгрөг. Гэхдээ цар
тахлаас хойш үнийн өсөлттэй холбоотойгоор анхны батлагдсан төсөв хүрэхгүй
болсон учир дахин тодотгол хийж өгөх хүсэлт гаргасан. Санхүүжилттэй
холбоотойгоор үйл ажиллагаа завсардсан. Гэхдээ эхлүүлээд орхисон дөрвөн байрыг
дуусгах ажил удахгүй эхэлнэ.
Туслан гүйцэтгэгч: "Тогоон төмөр" констракшны захирал Г.Гантөмөр:
Захиалагч талаас өгсөн санхүүжилт,
чиглэлийн дагуу хуучин барилгыг буулгах болон үндсэн байруудын гол ажлуудыг
манайх гүйцэтгэсэн. Хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор ажил зогссон, манайхаас
шалтгаалах зүйл байхгүй.
Аймгийн ГХБХБГ:
Дарьганга зуслангийн шинэчлэлийн ажлын анхны төсөв хүрэлцэхгүй болсон учир нэмэлт тодотгол хийж өгөх хүсэлтийг гүйцэтгэгч компани гаргасан. Одоогоор шийдэгдсэн зүйлгүй байна гэх тайлбаруудыг өгөв.
Ямартай ч иргэдийн хувьд зуслангийн бүтээн байгуулалтын
ажлыг даруй дуусгаж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Дарьганга зуслан бол Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа хүүхдийн ганц зуслан
юм.