СЭЛЭНГЭ: Сайханы хөтөл дүүжин гүүрний үйлчилгээтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-27 16:15:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгаар зочлох аялагчдын хамгийн ихээр очих дуртай газрын нэг бол үзэсгэлэнт Сайханы хөтөл.

 

Алтанбулаг сумын нутагт орших энэхүү Сайханы хөтөлд ирэх зочдын үзэх харах, баясах зүйлийг улам нэмэгдүүлэх зорилгоор олон бүтээн байгуулалтыг шинээр хийсээр байна.

 

Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр “Car cinema үйлчилгээг эхлүүлсэн бол Сүхбаатар сумын "Өргөн Сэлэнгэ үйлчилгээ" ОНӨААТҮГ-аас санаачлан бас нэгэн сонирхол татахуйц шинэ үйлчилгээг бий болгожээ.  

 

Энэ нь 60 метрийн урттай, 10 метрийн өндөртэй, нэг чигийн урсгалтай дүүжин гүүр бөгөөд өнгөрсөн 24-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар гурав хоногийн хугацаанд 1000 гаруй хүн үйлчлүүлсэн байна.

 

Энэ талаар "Өргөн Сэлэнгэ oйлчилгээ" ОНӨААТҮГ-ын захирал И.Чулуунболдоос тодрууллаа.

 

Тэрбээр “Манай хамт олон санаачлан дүүжин гүүрний зураг төслийг хийж, иргэдэд нээлттэй үйлчилж эхлээд байна. Бид гүүрийг иргэд өөрсдийн мөнгөөр хийлгээд, орлогоосоо буцаан авах нөхцөлтэйгөөр барьж байгуулсан. Ингээд гүүрний бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх компанитай холбож өгч, 51 сая төгрөгийн өртгөөр байгуулсан. 

 

Энд гүүрээс гадна буцаад буух дүүжин рольк /зиплайн/ зэрэг багтсан. Дүүжин гүүрийг ашиглалтад оруулснаар 10 гаруй хүн ажлын байртай болж байгаа юм. Мөн энэ гүүр экстрим аялал сонирхдог 16-гаас дээш насны иргэдэд 06.00-22.00 цаг хүртэл нээлттэйгээр үйлчилнэ.

 

Төлбөрийн хувьд нэг хүний 15.000-20.000 төгрөг. Гүүрний үйлчилгээг хөрөнгө оруулалт хийж бариулсан иргэн хариуцна. Харин аюулгүй ажиллагаанд онцгой байдлын байгууллагаас хяналт тавьж ажиллана. Цаашид Сайханы хөтөлд уулын шүхэр, Орхон, Сэлэнгийн бэлчрийг усан замаар очиж харах завины үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа” хэмээв.

 

Мөн өглөө галт тэрэгнээс буугаад шууд зорин очиж байгаа аялагчдад зориулж экстрим аяллын үйлчилгээ, кофе шоп, ариун цэврийн байгууламж, хоол үйлчилгээний цэгүүдийг шинээр нэмж байгуулжээ.

 

Жилд Сайханы хөтлийг 40.000-50.000 аялагч зорин очдог бол энэ жил шинэ үйлчилгээнүүд нээгдсэнтэй холбогдуулан аялагчдын урсгал улам нэмэгдэх болсон байна.

 

Тухайлбал хоёр хоногийн үүргэвчтэй аяллын маршрутаар Сүхбаатар суманд ирэх аялагчдад үзэж харах зүйлтэй, цай хоолтой, экстрим үйлчилгээнүүдийг үзүүлж, дурсамж үлдээх зорилгоор Сайханы хөтлийг улам тав тухтай, үйлчилгээтэй болгон тохижуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ