Соёлын өвийг түгээгч “Соёлын наадам”
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй “Соёлын наадам” Хүй долоон худагт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Их баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилгоор “Соёлын наадам”-ыг СУИС, Монголын Урлагийн Зөвлөл "Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэй Хүй долоон худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулсан юм.
Соёлын наадамд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-соёлын отог” хэмээх 9 асар барьж, энд СУИС-ийн багш, оюутнууд, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтнууд зэрэг 200 гаруй хүн ажилласныг дурдах хэрэгтэй. “Соёлын наадам”-аар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл"-той танилцаж, “Казах соёлын гэр”-ээр зочлох боломжтой байсныг онцлох ёстой.
Наадмын
хоёр дахь өдөр соёолонгийн тоосонд орж, түрүүлж ирсэн хурдан хүлгийн хөлс авах
гэсэн хүмүүсийн цуваа өглөө 06 цагаас эхлэн Хүй долоон худаг руу цувж эхэлсэн. Шуудхан
хэлэхэд, энэ өдрийн наадмын эхлэл Төв цэнгэлдэхэд бус, Хүй долоон худагт өрнөж
байлаа. Ер нь жилийн жилд ийм л байдаг. Цаашид ч ийм л байх болов уу.
Зургаан насны адуунаас хамгийн хурдтайд нь тооцогддог соёолон насны морьд гарааны зурхайгаас эргэж ч амжаагүй байхад Хүй долоон худагт машины зогсоол нь дүүрч, наадамч олны хөлд утгаараа дарагдсан. Өнгө өнгийн цэцэгсийн хүлэмжинд орсон мэт гоёж гангарсан хүмүүс хөндийг дүүргэж, бүгд л морь барианы газарт аль болох ойртохыг хичээцгээж байв.
Харин энд цугларсан олныг Соёолонгийн уралдаанаас дутахааргүй татсан нэг арга хэмжээ бол тэнд болсон Соёлын наадам байсан юм. Энэ жилийн “Соёлын Наадам”-д Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтан албан хаагчид зэрэг 200 гаруй хүн ажиллаж Соёлын яамнаас дэмжиж, "Рио Тинто" компани 5 дахь жилдээ ивээн тэтгэжээ.
Соёлын
наадмын арга хэмжээ “Морьтны гайхамшиг” үзүүлбэрээр эхэлсэн. Монгол морь,
монгол хүн хоёрын хоорондын нандин шүтэлцээ, салгаж ойлгох аргагүй нэгдмэл цул
ухагдахуун болохыг энэ гайхамшигт үзүүлбэрээс ямар нэг тайлбаргүйгээр харж, мэдэрч
болохоор байсан нь бахдам бөгөөд өөрөө өв соёлын халдашгүй дархлаа юм. Тиймдээ ч гадны жуулчдын анхаарлыг татаж,
тэдний дуран авайд дүрсжин үлдэх нь анзаарагдсан.
Энэхүү эрэмгий залуусын үзүүлбэрээс гадна үндэсний өв соёлыг сурталчлан таниулах зорилготой асууд болон гэр харь орны зочдын нүдийг хужирлаж байгаа нь илт. Хэлмэрч, орчуулагчдаа дагуулсан жуулчид отог бүрээр орж, танилцаж байсан нь нүдэнд содон тусч байв.
Соёлын наадамд нийт 9 асар барьж соёлын өвөө сурталчлан таниулсан. Асар тус бүр Монгол соёлыг харуулсан онцлогтой бөгөөд "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүн зорилт болох "Үндэсний нэгдмэл үнэт зүйл"-д үндэслэн Монгол гэр бүл: Монгол айл, монгол гэр бүлийн үнэ цэн, соёл уламжлал, уламжлалт ахуйг харуулсан гэрт зочилж угийн бичиг хэрхэн хөтлөх, монголчуудын уламжлалт наадгай зэрэгтэй танилцах боломжтой. Төрт ёс: Төрт ёс асарт Монгол Хаадын хөрөг зураг, танилцуулгыг харуулсан бөгөөд Монгол Төрийн бэлгэдлийг наадамчин олондоо танилцуулсан юм. Монгол хэл асар: Зүйр цэцэн үг, хөлөгт тоглоом болон уран бичлэг зэргийг танилцуулах 9 асар наадамчид болон гадаадын жуулчдад Монгол соёлын өвөө өргөн дэлгэр утгаар нь танилцуулж сурталчилж байв.
Мөн
цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба
хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн
зүйлстэй танилцаж, “Аварга монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжийг
наадамчин олонд бүрдүүлж өгсөн нь бахархууштай.
15 дахь жилдээ зохион байгуулж буй Соёлын наадмын өнөө жилийн онцлог нь соёлын өв уламжлалаа тээгчдийг биечлэн урьж авчирсан явдал байлаа.
Энэ талаар СУИС-ийн
захирал Э.Сонинтогос, “Энэ жилийн “Соёлын наадам”-ын онцлог нь монголчууд
даяаршлын нийгэмд бусдаас юугаараа ялгарах ёстой вэ, Монгол Улс, монгол хүн
оршин тогтнохын үндэс нь юу вэ гэдэгт чиглэж байна. Соёлын наадмыг энэ удаа
монголчуудын соёлын үнэт өвд тулгуурлан хийж буйгаараа өмнөх наадмуудаас
онцлогтой. Монголчууд бол эрх чөлөөг эрхэмлэдэг, эрдэм номыг дээдэлдэг, эцэг
эхээ асран халамжилдаг ард түмэн. Энэ утгаараа Төрт ёсоо дээдэлж, олон зуун
жилийн асар их түүх бүтээсэн ард түмэн. Их засаг хуультай, ургийн бичиг хөтөлж
ирсэн зон олон. Тийм болохоор Монголын өв соёл гэж асар их юм байна. Энэ
бүхнийг ард олондоо таниулж, ирээдүй хойчдоо өвлүүлэхийг зорьж байгаа юм. ЮНЕСКО-д
бүртгүүлсэн бий биелгээний том төсөл манай дээр хэрэгжиж байгаа. Энэ төслийн
хүрээнд Увс, Ховд, Хөвсгөл зэрэг язгуур уламжлалаа хадгалан үлдсэн бүс нутгаас өвлөн уламжлуулагчдыг урьж наадамд оролцуулж байна” гэсэн юм.
Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй
үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, өв соёлоо хайрлан
хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд энэ жилийн “Соёлын наадам”-ын үзэл
санаа оршиж байгааг зохион байгуулагчид тодотгосон. Үнэхээр ч өв соёлын
нандин дурсгалыг үзмэр болгон дэлгэж, тэртээд мартагдсан он жилүүдийг
наашлуулж, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой үйл бүтээж байгааг нь нүдээр
үзэж бахдаж буй наадамчид олон байсан.
Энэ бүхнээс харахад соёлын өвийг утгаар нь түгээж байна даа, “Соёлын наадам” гэх элгэмсэг сэтгэл төрж байлаа.