Чингис хаан музей-ШУТИС, Цирк-ОБЕГ, Зайсангийн KFC-Уулын замын хөдөлгөөнийг хязгаарлаж засвар хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-27 18:44:38
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд зарим авто замыг засварлах ажил үргэлжилж байна. Тухайлбал, ойрын өдрүүдэд дор дурдсан авто замуудын зорчих хэсгийг түр хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэнэ хэмээн НЗДТГ-аас мэдэгдэж, иргэдийг бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.


1. Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх зам

Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хороо буюу Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Энэ замыг өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл зорчих хэсгийг нь түр хааж, асфальт бетон хучилт хийх аж.


2. Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх зам

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөө шөнө буюу долоодугаар сарын 28-ны 00:00 цагаас наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл тус авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийх аж. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг доорх зураглалын дагуу зохион байгуулна.


Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш их засвар хийгээгүй. Тиймээс дээрх хугацаанд хашлага шинээр суурилуулан, тэмдэг тэмдэглэгээ хийж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөн, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийх аж. Мөн явган хүний замыг шинээр тавихаар төлөвлөжээ.


3. Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх зам

Мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх аж. Уг авто замыг маргааш буюу долоодугаар сарын 28-ны 23:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл хааж, хучилт хийх юм байна. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлахаар болжээ.


Холбоотой мэдээ