Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр оройн 19.30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерлэж, 4 хүний амь эрсдэн, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автан, 105 автомашин, нэг зам үерт урслаа.
Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 520 орчим алба хаагч, 138 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ОБЕГ-т Нэгдсэн шуурхай штабыг, ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд нийслэлийн Шуурхай штабыг тус тус байгуулан, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга, Д.Сумьяабазар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байгаа. Алба хаагчид үерт өртсөн, зам дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх, самналтын ажлыг хийж, сэргээн босгох ажлыг эхлүүлээд байна.
Мөн тойрогт овоорсон, овоолго шороо, үерт автсан машин
тэргийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж, хор уршгийг арилгах арга хэмжээг цаг алдалгүй
шуурхай зохион байгуулж байгааг ОБЕГ-аас мэдээлэв.