Хоршооны талаар гэгээрүүлэгч бэлтгэх сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-16 12:22:12

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, "Ногоон алт" төслөөс Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран хоршооны дарга, гэгээрүүлэгч-идэвхжүүлэгч нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын 8-12-ны өдрүүдэд Улаангомд зохион явууллаа.

Сургалтыг "Ногоон алт" төслийн хоршооны бодлогын зөвлөх сургагч багш Г.Маналжав удирдан явуулсан бөгөөд Хяргас сумын "Хөдөлмөрийн шим", Наранбулаг сумын "Шалан-Овоо", Малчин сумын "Увс Хар азарга", Түргэн сумын "Өнгөлөг зэст", Ховд сумын "Шилмэл сүрэг" зэрэг Увс аймгийн 19 сумын хоршооны дарга нар хамрагдсан байна.

Энэ үеэр хоршоо, ТББ-ын тухай ойлголтын ялгаатай ба төсөөтэй талууд, хоршооны зарчмууд, дүрэм, түүнд анхаарах түлхүүр асуудлууд, хоршооны үйл ажиллагааны журмууд ба гэрээ хэлцэлүүд, хоршооны бүртгэл тайлагналт, баталгаажуулалт, хоршооны удирдлагын үр дүнтэй арга барил, хоршооны манлайлал, түүний үнэлгээ, харилцааны арга техник ба соёл, хоршооны гишүүнчлэлийг өргөтгөх, гишүүд сонирхогчдыг идэвхжүүлэх, хоршоо бүр гишүүдээ идэвхжүүлэх өөрийн арга замыг тодорхойлох зэрэг сэдвээр хичээл заасан байна.
Төгсгөлд нь оролцогчид сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа өөр өөрийн хоршоондоо нэвтрүүлж, үр дүнтэй ажиллах талаар дадлага ажил хийжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ