ДАРХАН-УУЛ: “Булагтай” төвийн малчид жуулчид хүлээн авч өрхийн орлогоо нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан сумын зургаадугаар багийн иргэн Б.Пүрэвбатын санаачилгаар Дархан сумын хоёр, гуравдугаар багийн малчин иргэд нэгдэж “Булагтай” төвийг байгуулжээ.
Тэд нөхөрлөлийн системээр үйл ажиллагаа явуулах бөгөөд өөрсдийн нүүдэллэн амьдардаг газар нутаг, байгалиа хамгаалахын зэрэгцээ гадаад, дотоодын аялагчдад монгол ахуйгаа сурталчлах аж.
Б.Пүрэвбат нь байгаль орчны амьжиргаа болон экосистемийн уян хатан чанарыг сайжруулах үүднээс Даян дэлхийн байгаль орчны сангийн төсөлд хамрагдан уг үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нөхөрлөлд одоогоор арав орчим малчин өрхийн 20 гаруй иргэн хамрагддаг бөгөөд цаашид хүрээгээ тэлж төслийн цар хүрээг өргөжүүлэх ажээ.
Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн жижиг төслийн хөтөлбөр нь бэлчээр нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулах арга замыг тодорхойлох замаар малчин иргэдийн амьжиргаа, хүрээлэн буй орчны уян хатан чанарыг сайжруулах, бэлчээр, ой модыг хамгаалах зорилготой аж.
Газар нутгийн хэмжээ бага учир Дархан-Уул аймгийн зарим малчин өрхүүд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг. Дээрх малчид Сайхан сумын Номгон гуравдугаар багийн нутаг Булагтай, Хавцал, Алтанхундага орчмоор нутагладаг бөгөөд тухайн бүс нутгийн байгалийг хамгаалах юм.
Төсөл нэг жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид үйл ажиллагаагаа тогтмол үргэлжлүүлж, үндсэн зорилгын хүрээнд ажиллах ёстой гэж Даян дэлхийн байгаль орчны сангийн жижиг төслийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Б.Ганбаатар онцолж байлаа.
Малчид өдөр тутмын орлого байхгүй, зуны улиралд сүү, цагаан идээгээ боловсруулах, зарим тохиолдолд мал худалдах зэргээр орлогоо олдог. Харин төсөлд хамрагдаж нөхөрлөлийн системээр үйл ажиллагаа явуулснаар гадаад, дотоод жуулчдад монгол ахуйгаа таниулах боломжтой.
Тухайлбал цагаан идээ хэрхэн бэлтгэх, морь унах, уяачдын эрдэм чадлыг харуулсан тэмцээн, уралдаан, хүүхэд багачуудад байгалийг хэрхэн хамгаалах, мал сүргийн онцлог, түүнээс гарч буй түүхий эдийг хэрхэн ашиглах, боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлж жилийн дөрвөн улиралд орлоготой байх боломж бүрдэж байна гэж малчин Н.Далхсүрэн хэлж байна.
“Булагтай” төвийн захирал, төслийн санаачлагч Б.Пүрэвбатын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй албаны төлөөлөл ирж танилцсан бөгөөд эхлэл нь маш сайн, зөвхөн байгалиа хамгаалаад зогсохгүй монгол ахуйгаа таниулан сурталчлах чиглэл барьж буй нь сайшаалтай гэж төслийг санхүүжүүлэгчдийн төлөөлөл онцоллоо.
Шинээр байгуулж буй нөхөрлөлийн гишүүдэд Төв аймгийн Алтанбулаг сумын “Баян Сонгинот” малчдын бүлгийн ахлагч Ш.Оюунчимэг ирж арга туршлагаасаа хуваалцлаа.
Булагтай төвийн малчид 20 орчим жил үйл ажиллагаа явуулж буй “Баян Сонгинот” малчдын бүлгийн үйл ажиллагаатай очиж танилцах, Хустай байгалийн цогцолборт газрыг хэрхэн хамгаалдаг, малын түүхий эдийг хэрхэн боловсруулах, ноос, хөөвөр ашиглаж нэмэлт орлоготой болох боломжийг судлахаар боллоо.