“Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” тусгай үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-10 17:03:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж буй энэ өдөр БНСУ-ын Чэжүд болсон хэлмэгдүүлэлтийн “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” тусгай үзэсгэлэнг Үндэсний музейд нээлээ.


БНСУ-ын Чэжүд 1948 оны 4 дүгээр сарын 3-нд их хэлмэгдүүлэлт болж, 30 мянган хүнээс 14 мянган хүнийг цаазалсан нь манай улсын хэлмэгдүүлэлтийн түүхтэй адил юм. Иймд тус улсын Засгийн газраас “Чэжү 4.3 Энхтайван” сан болон хэлмэгдүүлэлттэй холбоотой хөшөө, цогцолбор, дурсгалын самбар, музейг байгуулсан байдаг.  


“Чэжү 4.3” гэдэг нь АНУ-ын цэргийн Засгийн газрын үед буюу 1947 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний дурсгалын ойн үеэр цагдаа гал нээсэн явдлаас эхтэй бөгөөд БНСУ-ын Засгийн газар байгуулагдсаны дараа 1954 оны 9 дүгээр сард Халласан уулаар зорчихыг хорьсон хоригийг бүрэн цуцлах хүртэл үргэлжилсэн зэвсэгт босогчид, Шийтгэх хүчнийхний хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн, түүнийг дарах ажиллагаа явуулах үеэр тус арлын олон иргэн золиослогдсон хэргийг хэлж байгаа юм. Засгийн газрынх нь 2003 оны тайланд, тухайн үеийн Чэжү арлын хүн амын аравны нэг буюу 25-30 мянган хүн хэлмэгдсэн гэж тэмдэглэжээ.


Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Чэжү 4.3 Энхтайван” сан нь Монгол Улс улс төрийн хэлмэгдүүлэлтийн үнэн зөв түүхийг тогтоох, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, хойч үедээ түүхийг танин мэдүүлж, сургах, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг түүхийн асуудлыг шийдэхээр ажлын гэрээ байгуулж, Чэжү 4.3 энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд “Монголын орчин үеийн түүхийн эмгэнэл: Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгалын түүх” үзэсгэлэнг гаргаж байлаа.


“Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” үзэсгэлэнг нээж “Чэжү 4.3 Энхтайван” сангийн ТУЗ-ийн дарга Гу Хийбом хэлсэн үгэндээ, “Бид хамтран ажилласнаар улс төрийн хэлмэгдүүлэлт, шийдэх ёстой түүхийн асуудлыг ярилцаж, нааштай шийдэхэд ахиц гаргах зорилготой. Чэжүд тохиолдсон гунигт түүх нь Зүүн Азийн эмгэнэлт явдал юм. Олон 10 жилийн турш ярихаас цэрвэж хав дарж байсан түүхийн үнэнийг тогтоож, нэр төрийг нь сэргээе гэсэн олны хүчин чармайлтын үр дүнд 2000 онд “4.3 тусгай хууль” баталснаар түүхийн үнэнийг судлах, хэлмэгдэгсдийн талаар мэдээлэл авах ажлыг эхлүүлж байлаа. Үүний үндсэн дээр төрийн эрх мэдлийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, Засгийн газар “Чэжү 4.3 түүхэн үнэнийг тогтоох судалгааны тайланг 2003 онд баталж, Ерөнхийлөгч маань ард түмнээсээ уучлал хүссэн юм. Тэр цагаас хойш өнгөрсөн үеийг дурсан санаж, хойч үедээ ийм түүхийг дахин давтах ёсгүйг сургамжлахын тулд Чэжү 4.3 энх тайвны цэцэрлэгт хүрээлэн, Дурсгалын танхим байгуулаад байгаа. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан Зүүн Ази төдийгүй дэлхийн улс орнуудын төрийн хүчирхийллийн талаар хамтдаа санаж, энх тайвныг тогтооход хоёр улс хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа”-гаа  онцлов. 


“Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ны түүх” тусгай үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд нэг сарын хугацаанд үргэлжилнэ.


Холбоотой мэдээ