Ван И, Ж.Салливан нар Мальтад уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-18 10:10:58

ВАЛЛЕТТА. /Xinhua/. Хятад, АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчид Мальтa улсад бямба, ням гарагт хэд хэдэн удаа уулзахдаа өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, Ази Номхон далайн асуудал, далай тэнгистэй холбоотой асуудал, гадаад бодлогын асуудлуудыг хэлэлцэн зөвлөлдөхөөр тохиролцов. 


Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нарын энэхүү уулзалтын үеэр Ван И хэлэхдээ, Тайванийн асуудал бол Хятад, АНУ-ын харилцаан дахь хэзээ ч давж болохгүй эхний улаан шугам гэдгийг онцлоод, Хятад-АНУ-ын гурван удаагийн хамтарсан мэдэгдлийг Америкийн тал даган мөрдөж “Тайванийн тусгаар тогтнолыг” дэмжихгүй байх амлалтаа биелүүлэх ёстой гэжээ.


Хоёр тал Хятад, Америкийн харилцааг тогтворжуулах, сайжруулах асуудлаар илэн далангүй, бүтээлч стратегийн яриа хэлэлцээ хийсэн байна. “Хятад улсын хөгжил нь дотоодын хөдөлгөгч хүчний нөлөөгөөр үүссэн үйл явц бөгөөд түүхэн зайлшгүй логикт захирагддаг тул түүнийг зогсоох боломжгүй. Хятадын ард түмний хууль ёсны хөгжих эрхийг хасаж хязгаарлаж болохгүй” гэж Ван И нэмж хэлжээ. 


Хоёр орны төрийн тэргүүн нарын Бали аралд хийсэн уулзалтын үеэр хүрсэн чухал тохиролцоонуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг үргэлжлүүлж, Ази, Номхон далайн асуудал, далай тэнгистэй холбоотой асуудал, гадаад бодлогын талаар хэлэлцэн зөвлөлдөхөөр хоёр тал тохиролцсон байна.


Мөн цаашид хоёр орны боловсон хүчний солилцоог дэмжих асуудлаар ярилцжээ. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутаг, Украин, Солонгосын хойгийн байдал болон олон улс, бүс нутгийн бусад асуудлуудыг хэлэлцсэн байна.

 



Холбоотой мэдээ