“Тооцоолон бодох ба хэрэглээний математик” хуралд 15 орны эрдэмтэд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-09-22 17:22:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн соёрхолт математикч, академич Т.Жанлавын 80 насны ойд зориулан зохион байгуулж буй “Тооцоолон бодох ба хэрэглээний математик” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.


Гурван өдөр үргэлжлэх хурлыг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС болон Монголын математикийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Хуралд Франц, Герман, Австрали, Канад, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна.


Хурлаар ердийн ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл бодох төгсгөлөг ялгаврын ба төгсгөлөг элементийн аргууд, тэдгээрийн хэрэглээний тухай, шугаман биш тэгшитгэл бодох өндөр эрэмбийн итерацийн аргууд байгуулах тухай, Диракийн тэгшитгэл бодох, минимакс аргын тухай, тоглоомын онолын тухай, зах зээлийн эдийн засаг дахь компаниудын өрсөлдөөний математик загварын тухай, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн математик загварын тухай зэрэг онолын болон хэрэглээний өргөн сэдвүүдийг хамарсан хүрээнд аман хэлбэрээр 39, ханын илтгэл 24-ийг хэлэлцэх юм. 

 

Олон улсын эрдэмтэд хамтран чуулж, сүүлийн үеийн нээлт, ололт амжилтаа харилцан мэдээлэх, нэгтгэн дүгнэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлахад энэхүү хурлын зорилго оршиж байгааг зохион байгуулагчид тодотгов. 


ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, Төрийн соёрхолт математикч, академич Р.Энхбат хэлэхдээ, “Т.Жанлав багшийн гол судалгааны чиглэл бол тооцон бодох чиглэлээр Монгол Улсад төдийгүй гаднын орнуудад танигдсан эрдэмтэн юм. Хоёр салбар хуралдаанаар нийтдээ 60 гаруй судалгааны ажлыг хэлэлцүүлнэ. Хурлаар пүүсийн ашигт ажиллагаа, замын түгжрэл гэх мэт өөрийн орны асуудлын загваруудыг манай судлаачид танилцуулна. Хуралд шалгарсан бүтээлүүдийг Европт тусгай бүтээл, эмхэтгэл болгон гаргах эрх авсан” гэв.  


Академич Т.Жанлав 20 гаруй ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл туурвиж, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, олон улсын болон дотоодын сэтгүүлүүдэд 500 гаруй удаа хэвлүүлжээ. 

Т.Амаржаргал

Холбоотой мэдээ