Парламентын ордонд нацист үзэлтнийг урьсан явдалд Ж.Трюдо хүлцэл өчив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /BBC/. Нацистуудын дивизийн бүрэлдэхүүнд тулалдаж байсан хүнийг парламентын ордонд урьсан явдалтай холбогдуулан Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо улс орныхоо нэрийн өмнөөс хүлцэл өчжээ.
“Энэ бол парламент болон Канад улсыг ичгэвтэр байдалд оруулсан алдаа байсан” гэж Ж.Трюдо лхагва гарагт мэдэгдлээ. Канадын парламентын Нийтийн танхимын дарга Энтони Рота 98 настай нацист үзэлтэн Ярослав Хункаг урьсны хариуцлагыг хүлээж, мягмар гарагт албан тушаалаасаа огцорсон юм. Нацистыг урьсан явдлыг дэлхий нийт зэмлэн буруушааж байгаа билээ.
Ж.Трюдо мөн Канад улсад айлчилж, парламентын танхимд үг хэлсэн Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгээс уучлалт гуйж, Канад улс гүнээ харамсаж байгааг илэрхийлжээ. Я.Хункад баяр хүргэн алга ташиж буй хүмүүсийн дунд Украины Ерөнхийлөгч байсныг Оросын тал суртал ухуулгадаа ашигласан байна.
Ж.Трюдо хэлэхдээ “баасан гарагт энэ ордонд байсан бид бүхэн нөхцөл байдлыг мэдэлгүйгээр алга ташсандаа гүнээ харамсаж байна. Энэ бол Холокостын үеэр амиа алдсан олон сая хүний дурсгалыг үл хүндэтгэсэн явдал боллоо” гэжээ.
Я.Хунка нацистуудын удирдлага дор голдуу украин үндэстнээс бүрдсэн сайн дурын анги болох СС-ийн "Галиция" дивизэд алба хааж байжээ. Дивизийн цэргүүдийг польш, еврей иргэдийг хөнөөсөн хэрэгт буруутгадаг боловч цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байна.
Нийтийн танхимын дарга асан Э.Ротагийн хувьд Я.Хункаг нацистуудтай холбоотойг мэдээгүй бөгөөд түүнийг парламентад урьснаар алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.