“Фүкүшима”-гийн усны хоёр дахь хэсгийг ирэх сарын 5-наас асгаж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-29 09:56:23

ТОКИО, 2023 оны есдүгээр сарын 29 /Kyodo/. Цунамийн гамшгийн улмаас сүйрсэн “Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦСцацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усны хоёр дахь хэсгийг ирэх 10 дугаар сарын 5-наас далайд асгаж эхэлнэ гэж тус станцыг ажиллуулж байсан оператор компани болох Tokyo Electric Power Company” /TEPCO/ пүрэв гарагт мэдэгджээ.


Тодруулбал, ирэх сарын 5-ны өдрөөс эхлэн 17 хоногийн хугацаанд эхний удаа асгасантай тэнцэх хэмжээний буюу 7800 тонн цэвэрлэсэн усыг далайд асгахаар төлөвлөж байна. Усыг асгахаас өмнө далайн усаар шингэрүүлж, тритийн агууламжийг шалгах бэлтгэл ажил ирэх мягмар гарагт эхэлнэ.


АЦС-ын цэвэрлэсэн усны эхний хэсгийг наймдугаар сарын 24-нөөс далайд асгаж эхэлсэн бөгөөд үүнд нутгийн загасчид санаа зовниж, Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэж байсан юм. Уг ажиллагаа есдүгээр сарын 11-нд дуусжээ. Усанд агуулагдах тритийн агууламж дэлхийн аюулгүй байдлын стандартаас доогуур байгаа боловч Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн худалдан авахаа бүрмөсөн зогсоожээ. 


Японы Засгийн газраас Хятадын талд хандан, хоригоо цуцалж, хоёр орны мэргэжилтнүүдийг оролцуулсан шинжлэх ухаанч хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байгаагийн зэрэгцээ дотоодын загас агнуурын салбарт Хятадаас өөр экспортын зах зээл олоход тусалж байна. 


АЦС-ын эргэн тойрноос авсан далайн ус ба загасны дээжид одоогоор хэвийн бус хэмжээний тритий илрээгүй байна. 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас сүйрсэн АЦС-ыг ашиглалтаас гаргахад цэвэрлэсэн усыг зайлуулах нь чухал гэж TEPCO болон Засгийн газар үзэж байна.


Цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашиглаж байсан, улмаар бороо, гүний устай холилдсон усны хэмжээ нь станцын хадгалалтын боломжоос давахад ойртож байгаа тул TEPCO компани энэ санхүүгийн жилд дөрвөн үе шаттайгаар 31 200 тонн орчим усыг далайд асгахаар шийдвэрлэжээ


TEPCO-гийн мэдээлснээр, далайд асгасан усанд агуулагдах тритийн хэмжээ ойролцоогоор 5 их наяд беккерель байгаа нь жил тутмын дээд хэмжээ болох 22 их наяд беккерелиэс дөрөв дахин бага юм.

 


Холбоотой мэдээ