Эвдэрч, эзэнгүй орхигдсон 6285 га талбайг нөхөн сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-12 10:08:44

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэн холбогдогч нь тодорхойгүй 8000 га газарт нөхөн сэргээлт хийхээс 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ.


Тухайлбал, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Оюу толгой” ХХК 2022 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Ерөө сумын Ялбагийн хөндийд хариуцлагагүй, бичил уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас эвдрээд байсан 398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, голын голдиролыг бүрэн сэргээсэн байна. 

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт эвдэрч орхигдсон Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол, Нарийн ам гэх 8 байршилд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байгаа. Энэ сарын нэгний байдлаар ажлын явц 64 хувьтай буюу 780 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ.


Өнгөрсөн онд ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 51.5 тэрбум төгрөг төвлөрснөөс 46.3 тэрбум төгрөг буюу 90 хувь нь уул уурхайн салбараас байсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Mongolian Mining week-2023” чуулганы үеэр тавьсан “Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин” илтгэлдээ дурдсан юм. 


Тэрбээр, “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 14.2 сая ширхэг мод тарьснаас аймаг, нийслэл 12.1 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2.1 сая ширхэг мод тарьсан. Энэ онд 42.9 сая ширхэг модыг тарихаар төлөвлөснөөс аймаг, нийслэл 33.8 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9.1 сая ширхэг мод тарина. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд амлалтаа огт биелүүлэхгүй байгаа”-г хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ