Б.Тулга: Боомт бол зөвхөн гарц орцын асуудал биш, стратегийн чухал ач холбогдол бүхий түшиц юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-13 14:40:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын гол хурдасгуур зорилтын нэг бол Боомтын сэргэлт юм. Монгол Улсын боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлууд, үүнээс улбаатай ойрын хугацаанд болон хэтдээ хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.


-Ярилцлагынхаа эхэнд “Боомтын сэргэлт”-ийн зорилтын талаар товч танилцуулах нь зөв байх?

-Манай улсын хувьд байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг, эдийн засгийн дийлэнх хувь нь эрдэсийн экспорт дээр тулгуурладаг. Гэвч боомтоор нэвтрүүлэх экспортын хэмжээ 50 орчим сая тонноор хэмжигдэж байгаа нь чамлалттай юм. Иймд хөгжлийг дөтлөн урагшлуулах шинэчлэлийн гол хурдасгуур нь “Боомтын сэргэлт” хэмээн Монгол Улсын Засгийн газар үзсэн. Тодруулбал “Шинэ сэргэлтийн бодлого”-ын алсын харааг “Боомтын сэргэлт” тэргүүлнэ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтцийг бий болгож, экспортын гарцуудыг нэмэгдүүлж, хүчин чадлыг нь өргөтгөх замаар эдийн засгаа эрчимжүүлэхийг чухалчлах юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороо ажиллаж байна. Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачиж буулгах терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлснээр экспорт, худалдааны эргэлт сайжирч, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно гэж дүгнэж байгаа.


-Өнөөдөр улсын хэмжээнд байнгын болон түр ажиллагаатай хэдэн боомт ажиллаж байна вэ, хүчин чадлын хувьд ямар түвшинд байна вэ?

-Монгол Улс нийт 39 боомт байгаагаас ердийн үед 28 боомт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс агаарын замын  6 боомт, ОХУ-тай автозам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байна. Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж буй бөгөөд Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт одоохондоо олон улсын нислэг хүлээж аваагүй буюу боомтын статусаар ажиллаж эхлээгүй байна. Монгол Улс ба  ОХУ-ын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт ажиллахаас 10 боомт ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт  үйл ажиллагаа нь хэвийн явж байна.

Үнэндээ боомт нэмэгдэх тусам Монгол Улсын орлогын үүд бодитоор өснө. Тэр утгаараа ажиллагаагүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горим руу шилжүүлэхэд, Засгийн газар онцгойлон анхаарч байна. Боомтын хөгжлийг улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилтэй уяж, Монгол Улс бүтээмжийн хувьд нэг алхам урагшлах юм.


-Боомтын сэргэлтийн хүрээнд хийж буй дэд бүтцийн чанартай бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөж байна вэ?

-Өнөөгийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомт дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байна. Мөн Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа. Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил ид өрнөж байна. Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бөгөөд ачаа тээврийн терминал нь ирэх 10 дугаар сард ашиглалтад орно. Харин Гашуунсухайт хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажлын гүйцэтгэл 23 хувьтай явж буй бөгөөд энэ нь цар тахал  болон үерийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бага зэрэг хойшилсон. Ирэх 2024 он гэхэд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 


Түүнчлэн АХБ-ны 27 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хилийн авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар болон авто замын Боршоо боомтын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байгаа. Төмөр замын Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орсон бол авто замын Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх төслийн ажлын явц 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Бичигт боомтын хувьд АХБ-ны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажил долоодугаар сард эхэлсэн бөгөөд ирэх жилийн 12 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа. Боршоо хилийн боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна. 


-Боомтын сэргэлтийн хүрээнд дэвшүүлсэн гол барьж авах ажил бол төмөр зам. Төмөр замын хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн ажлын явцын талаар танилцуулах уу?

-Засгийн газар төмөр замын хилийн боомтыг холбох, төмөр замын сүлжээ болон төв коридорыг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил огтлолын цэг, өндөржилтийн дагуу эхний ээлжинд 1435 мм нарийн царигтай төмөр замыг барьж, Хятадын талтай холбох асуудлыг ярьж байна. Шивээхүрэн боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замыг  ирэх дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм. Мөн Бичигт боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан эхлүүлэх асуудлыг хятадын талд тавиад байна. Бичигт боомтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ.


Улмаар Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн, сайжруулах төслийн ТЭЗҮ,  техникийн зураг төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлж 2026 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөө гарсан. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр Хөөт-Чойбалсан чиглэлийн 192 км төмөр зам болон Хөөт-Бичигт чиглэлийн 234.1 км төмөр замын төслийн техникийн зураг төслийг хийж байна. Түүнчлэн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна.


-Хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбоно гэж дэвшүүлсэн. Одоогийн түвшин ямар байна вэ, ойрын болоод ирээдүйд хүрэх үр дүн юу вэ?

-Зам дагаж хөгжил ирнэ. Боомтын хөгжлийг дөтлөх, хоёр улсын худалдааг холбох гол суурь нь хатуу хучилттай автозамаар холбох явдал юм. Энэ хүрээнд Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг  Хавиргын боомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж байна. Мөн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 277.3 км, Алтай-Бургастай чиглэлийн 320 км, Нөмрөг сумыг-Арцсуурь чиглэлийн хилийн боомтыг холбох  159.5 км, Хатгал-Ханх чиглэлийн 180 км, Баянхошуу хилийн боомт чиглэлийн 198.2 км, Сүмбэр хилийн боомт хүртэлх 152.06 км, Бага-Илэнх хилийн боомт хүртэлх 131.27 км, Тэс хилийн боомт хүртэлх 220 км, Өлгий-Даян чиглэлийн 185 км, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам 987.5 км холбох ажлыг хийхээр төлөвлөөд байгаа.


-Агаарын тээврийн салбарыг шинэ шатанд гаргана гэсэн зорилтыг биелүүлэхэд бидэнд юу дутагдаж байна вэ, мөн ямар давуу тал байна вэ?

-Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, карго тээврийг өргөжүүлэх, аялал жуулчлалын экспортын шинэ боломжийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоход бодлогоо чиглүүлж буй юм. Агаарын тээврийг төрөлжүүлэхэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 4-5 агаарын тээврийн боомтын үйл ажиллагааг жигдрүүлэхээр зорьж байгаа. Урьдчилсан төлөвлөлтөөр Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсын шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Харин Чойбалсан, Ховд аймгийг дамжин өнгөрөх агаарын тээврийн ослын буулт хийх төв цэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Улаангом хотын хувьд хилийн ойр орчмын буюу ОХУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэхээс гадна Хөвсгөл, Хэнтий аймагт 4С зэрэглэлийн нисэх буудлыг бий болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хэтдээ Монгол Улс зөвхөн зорчигч тээврээр хязгаарлагдахгүй олон улсын карго тээврийг хөгжүүлж, агаарын тээврийн дамжин өнгөрөх баазыг бий болгоход анхаарна гэсэн үг. Орон нутгийн олон улсын статустай нисэх буудлуудыг нээлттэй нисэх буудал болгон зарлах, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг чөлөөтэй олгох, улирлын хамааралгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг  сайжруулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн дотоодын нисэх буудлын өнөөгийн хүчин чадалд тохирсон нислэгийн зохицуулалт, цагийн хуваарийн менежмент хийх, аль болох шууд, олон нислэг гүйцэтгэх зохицуулалт хийх, жуулчдын аюулгүй, тав, тухтай байдлыг ханган зорчигч урсгалыг татах боломжийг бүрдүүлэхээс эхлээд хийх ажил их байна. 


-Ингэхэд боомтын хөгжлийн стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улс ямар үр дүнд хүрэх вэ?

-Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын тогтвортой хөгжил, гадаад худалдааг дэмжих, боомтын хууль, эрх зүйн үндсийг сайжруулахад гол анхаарлаа хандуулж байна. Тодруулбал боомтын хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа тээврийг хөнгөвчлөх, эдийн засгийн коридор, дамжин өнгөрүүлэх худалдааг хөгжүүлж, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурь тавихыг зорьж байгаа.


Тухайлбал худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хөрш орны хилийн боомтын зам, тээвэр, логистикийн дэд бүтэцтэй уялдсан төлөвлөлт хийж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна. Мөн хөрш орны хилийн боомттой холбогдсон мэдээллийн систем бүхий цахим боомт хөгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Олон улсад, тэр дундаа хөрш орнуудын хилийн боомт орчмын хурдацтай хөгжлийн өөрчлөлтийг даган манай улс өөрийн боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх хэрэгцээ шаардлага байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн хоцрогдолыг арилгах, боомтоор шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг нэн даруй зохицуулж, зөв зохистой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй  хэрэгжүүлэхэд анхаарна гэсэн үг. 


-Чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар олон жил ярьж буй ч тодорхой үр дүнд хүрээгүй  хэвээр байна. Чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Боомт гэдэг бол зөвхөн гарц, орцын асуудал биш, стратегийн чухал ач холбогдол бүхий гол түшиц гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Монгол Улс боомт дагасан хот, аялал жуулчлал, чөлөөт бүсийг хөгжүүлэх нь чухал хэмээн Засгийн газар үзэж сэргэлтийн ажлыг шуурхай эхлүүлэн гараанаас нь хөдөлгөлөө. Боомтуудаа хөгжүүлж тэлснээр дараагийн шат буюу аж үйлдвэржилтийг ярих боломж бидэнд бүрдэнэ гэж харж байна. Цаашлаад эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулснаар Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар эрс дээшилнэ. Чөлөөт бүсийн хөгжлийн суурь болох дэд бүтцийн ажлыг бид урагшлуулж байна. Улмаар боомтуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж 24 цагийн ажиллагаатай болгох ажлыг Замын-Үүд-Эрээний боомтоос эхлүүлсэн гээд эхнээсээ ахиц гарч байна. Мөн жолоочгүй ухаалаг тээвэр AGV-г хөгжүүлж хөрш орнуудтай хөл нийлүүлэхээр туршилтын тээврийг хийж, техник технологиудаа байршуулан дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байна.  


-БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг гол боомтуудад ажиллаад ирсэн. Эдгээр боомтуудаас авах ямар сайн туршлага байна вэ?

-Хөрш орнуудын, тэр дундаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн боомтын үйл ажиллагааны эрчмээс харахад тус улсын эдийн засагт үзүүлэх боомтын оролцоо өндөр байна. БНХАУ-ын тухайд хилийн боомтын үйл ажиллагааг төрийн өмчит компани үүсгэн байгуулах замаар шийдвэрлэсэн буюу боомтуудын үйл ажиллагааг  арилжааны зарчмаар явуулах нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр тус улсын  боомтуудын үйл ажиллагаанаас эдийн засагт нь үзүүлэх нөлөө асар өндөр болж, хил орчмын бүс нутгийн иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэж, амьдралын чанар сайжирсан үзүүлэлт гарсан байна. БНХАУ-ын хилийн боомтууд нь тус улсын гадаад дотоод худалдааны эргэлтийг идэвхжүүлэх замаар бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр ирсэн нь олзуурхууштай. Тухайлбал 2023 оны байдлаар активын төрлөөс үл хамаарч томоохон 34, жижиг 2000 хилийн боомтод 36.2 тэрбум юань буюу ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын актив хөрөнгө төвлөрсөн байна.


Тиймээс манай улсын хувьд гаднын загварыг өөрийн онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх хууль зүйн болон практик шаардлага байна гэж дүгнэж болох талтай. Түүнчлэн хилийн боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжид шинэчлэлт хийж, олон улсын стандартад нийцүүлэн, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн хяналт шалгалтын техник хэрэгсэл, дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, эдийн засгийн агуулгаар шинэ түвшинд хүргэх шаардлага байна.


Холбоотой мэдээ