ӨМНӨГОВЬ: Орос хэлний сургалтын төвийг шинээр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-25 21:17:33

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд говийн бүсийн аймгуудад Орос орны хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Даланзадгад хотноо бүсчилсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сарын 23-нд зохион байгуулсан бөгөөд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 60 гаруй багш, сурагчид, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, ОХУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв, Орос-Монголын найрамдлын нийгэмлэг, Эрхүүгийн Техникийн судалгааны үндэсний их сургуулийн төлөөлөл, удирдлага, оюутнууд оролцлоо.

 


Хоёр улсын найрамдлын өдрүүдийн хүрээнд зохиогддог энэхүү үйл ажиллагааг Монгол Улсад 2016 оноос эхлэн бүсчлэн хийж байгаа бөгөөд Өмнөговь аймагт 3 дахь удаагаа зохион байгуулж байна.  

 

Үйл ажиллагааны үеэр Орос хэлний сургалтын төвийг шинээр Даланзадгад сумын ЕБ-ын тавдугаар сургууль дээр нээлээ.

 


Ингэснээр Өмнөговь аймаг орос хэлний анхны сургалтын төвтэй болж байгаа юм. Тус төвөөр дамжуулан багш, сурагчид улсын болон олон улсын хэмжээний уралдаан тэмцээн, олимпиадад оролцох боломжоор бүрэн хангагдаж байгаагаараа онцлогтой.

 

Сурагчдын дунд зохиосон төрөл мэргэжлийн олимпиадад амжилт гаргасан сурагчдын оноон дээр багийн амжилтын оноог нэмж  шилдэг сурагчдыг шалгарууллаа.


 

Нийт долоон сурагч ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрх авснаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Т.Сүлдбаяр,  нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч А.Төгөлдөр, тавдугаар сургуулийн 12а ангийн сурагч О.Мягмаргэрэл нар шалгарчээ.

 


Харин шилдэг багшийн төрөлд Даланзадгад сумын дөрөвдүгээр сургуулийн багш Д.Маралгоо шилдгээр тодорлоо.

Холбоотой мэдээ