П.Санчесыг Испанийн Ерөнхий сайдаар томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-17 11:18:46

МАДРИД. 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /BBC/. Каталоны салан тусгаарлах үзэлтнүүд Педро Санчесыг Испанийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тул тэрбээр энэ албан тушаалыг дахин хашихаар боллоо. 


Испанийн парламент долоодугаар сард болсон парламентын сонгуулиас дөрвөн сарын дараа Засгийн газрын тэргүүнийг сонголоо.


Уг сонгуульд сөрөг хүчний баруун төвч үзэл баримтлалтай Ардын нам (PP) хамгийн олон санал авсан бол П.Санчесын тэргүүлдэг эрх баригч Испанийн социалист ажилчдын нам (PSOE) хоёрдугаарт оржээ.


Гэвч Ардын намынхан хэт барууны үзэлт “Дуу хоолой” нам (Vox) болон улс төрийн бусад жижиг бүлгүүдийн дэмжлэгтэйгээр засгийн газар байгуулах гэж оролдсон боловч парламентаас хангалттай дэмжлэг авч чадаагүй юм.

 

Харин П.Санчес энэ удаад үнэмлэхүй олонхын санал авсан бөгөөд Испанийн парламентын 350 гишүүний 179 нь түүнийг дэмжсэн байна. Бүс нутгийн жижиг намууд, тэдгээрийн дотор Каталон, Баскийн үндсэрхэг үзэлтнүүдийн намуудын дэмжлэгийг авсан тул тэрбээр Ерөнхий сайдаар томилогдлоо.


Санчес болон зүүний үзэл баримтлалтай «Сумар» хөдөлгөөн дэх түүний хамтран зүтгэгчид Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч гол хоёр нам болох Каталоны зүүний бүгд найрамдах нам (ERC), хатуу үзэл баримтлалтай “Каталоны төлөө хамтдаа” эвслийн шаардлагыг хүлээж авчээ. Тодруулбал, улс төрийн эдгээр хүчин Испаниас салан тусгаарлахыг дэмжигчдэд өршөөл үзүүлэх шаардлага тавьсан байна. 


Өршөөл үзүүлэх санаачилга гаргасан, үүний зэрэгцээ П.Санчес сонгуулийн кампанит ажлын үеэр өршөөл үзүүлэхийг үгүйсгэж байсан нь Ардын нам ба "Дуу хоолой" намынхны дургүйцлийг төрүүлжээ. Тэд "хоёр нүүр гаргаж, салан тусгаарлах үзэлтнүүдэд буулт хийж, хувийн ашиг сонирхлоо үндэсний эрх ашгаас дээгүүр тавьсан" гэж Санчесийг буруутгаж байлаа.


Харин П.Санчес мэдэгдэхдээ, өршөөл үзүүлснээр улс оронд тохиосон таагүй цаг үеийг өнгөрсөнд нь үлдээж, түүхийн шинэ хуудсуудыг эргүүлэх боломжийг олгоно гэжээ.




Холбоотой мэдээ