ДАРХАН-УУЛ: Сурагч О.Тайванбатын төсөөлөн зурсан гүүрэн гарц биеллээ оллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-17 14:18:11

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан хотын хамгийн олон сурагчтай “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль хичээлийн хоёр байр төв болон туслах авто замын хажууд байрладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих эрх зөрчигдөх, зам тээврийн осол гарах эрсдэлтэй тул гүүрэн гарц барьж ашиглалтад орууллаа.


Уг санаачилгыг тус сургуулийн 2020 оны төгсөгч О.Тайванбат фотошоп программ ашиглан төсөөлөн зурж, түүнийгээ цахим хуудаст байрлуулжээ. Уг зургийг бодит ажил болгох ажлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жавхлан, М.Батбаяр нар ажил хэрэг болгон, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад уламжилж санхүүжилтийг шийдвэрлэсэн аж.




Орон нутгийн хөгжлийн сангийн 980 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Доич роуд" ХХК гурван орчим хугацаанд гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Ингэснээр “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн таван мянга орчим сурагч, Дархан сумын есдүгээр багийн оршин суугчид болон иргэд аюулгүй зорчих боломжтой болж байна.




“Хүүхэд хамгааллын жил"-ийн хүрээнд хийсэн энэхүү гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай аж.




Гүүрэн гарцыг нээсэнтэй холбогдуулан тус төв автозамын гэрлэн дохиог буулгаж, гэрлэн дохионы зохицуулалтгүй болгох ажээ.



Холбоотой мэдээ