Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Шырым бөхийн тэмцээнд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-17 16:40:52

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Korea open Ssireum 2023” наадмын олон улсын төрөлд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ.


Олон улсын төрөлд Монгол, Испани, Шинэ Зеланд, Англи, Хятад, Вьетнам, Казахстан, Итали зэрэг найман орны 60 гаруй бөх өрсөлджээ. Монголоос улсын заан М.Өсөхбаярын удирдлага дор улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, начин Л.Батзориг, Б.Даваа-Очир, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ж.Наранбаатар нар зодоглосон юм.  


2012 оноос эхлэн зохион байгуулсан тус тэмцээнд испаничууд зургаа, Монголын бөхчүүд гурван удаа түрүүлээд байгаа юм. Монголын бөхчүүдээс анхны түрүүг 2018 онд улсын аварга О.Хангай хүртэж байв. Тэгвэл өнгөрсөн онд улсын начин Д.Тамир түрүүлсэн бол энэ жил харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр хасагдах шатанд улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр болон Испанийг бөхийг давсан юм. Тус тэмцээнд өрсөлдсөн манай бусад бөхөөс аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. 

Холбоотой мэдээ