Шакира 7.5 сая еврогийн торгууль төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-21 14:54:30

БАРСЕЛОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /ВВС/. Барселон хотод шүүх хурал эхлэхийн өмнөхөн Колумбын поп од Шакира өчигдөр Испанийн прокуроруудтай уулзаж, татвараас зайлсхийсэн хэргийг шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ.


Дуучин бүсгүй 7.5 сая еврогийн торгууль төлөхөөр болсон байна. Шакирагийн гэм буруутай нь тогтоогдвол түүнийг найман жил шоронд хорьж, 23.8 сая еврогийн торгууль ногдуулахаар прокурорууд төлөвлөж байв.


Испанийн шүүх түүнийг 2012-2014 оны хооронд 14.5 сая еврогийн татварын залилангийн хэрэгт буруутгасан бол дуучин бүсгүй буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна. 


Шакира өмнө нь прокурорын санал болгосон тохиролцооноос татгалзаж, шүүх хуралд оролцох гэж байжээ.


"Миний талд шүүхийн шийдвэр гарна гэдэгт өмгөөлөгчид маань бүрэн итгэлтэй байсан. Би гэм буруугүй гэдгээ шүүх хурал дээр нотлохоор шийдээд байсан боловч хүүхдүүдийнхээ ашиг сонирхлыг харгалзан энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Энэ тэмцэлд ээж нь хэрхэн хувийн амьдралаа золиосолж буйг хүүхдүүддээ харуулахыг би хүсээгүй" гэж тэрбээр хэлжээ.


Шакира 2012-2014 оны хооронд Испанид оршин суусан байдал нь гол маргааныг үүсгэжээ. Прокурорууд түүнийг Испанид амьдарч байсан хэдий ч өөр газар албан ёсны оршин суух хаягаа бүртгүүлсэн гэж буруутгасан байна.


Испанийн хуулийн дагуу тус улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин сууж буй хүмүүс татвар төлөх үүрэгтэй гэж үздэг. Гэвч Шакира тэр үед Испанид байнга амьдарч байгаагүй гэжээ.


2014 он хүртэл дуучны орлогын ихэнх нь олон улсын аялан тоглолтоос бүрддэг байсан бөгөөд тэрбээр Испанид биш гадаадад ихэнх цагаа өнгөрөөж байсан гэж Шакирагийн өмгөөлөгчид мэдэгджээ.


Харин 2015 онд Испанид татвар төлөх үүрэгтэй оршин суугч байснаа зарлаж, нийтдээ 17.2 сая еврогийн татвар төлсөн бөгөөд өөр ямар нэгэн өр төлбөргүй гэж Шакира мэдэгдсэн байна.



Холбоотой мэдээ