Бразил-Аргентины тоглолтын өмнө гарсан үймээнийг ФИФА-гийн ерөнхийлөгч буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-23 14:50:42

МОСКВА, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /RIA Novosti/. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Бразил-Аргентины тоглолтын өмнө болсон үймээнийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жианни Инфантино өөрийн инстаграм хуудсанд буруушаажээ.


"Хөл бөмбөгийн талбай дээр ч, гадна нь ч хүчирхийлэл гарах ёсгүй. ДАШТ-ий урьдчилсан шатны Бразил-Аргентины тоглолтын үеэр болсон үйл явдал манай спортын ертөнцөд дахин давтагдах ёсгүй. Хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид, ажилтнууд болон албан тушаалтнууд тоглолтын үеэр аюулгүй байх ёстой бөгөөд энэ шаардлагыг бүх түвшинд хангаж байхыг холбогдох эрх бүхий байгууллагуудад уриалж байна" гэж Ж.Инфантино бичжээ.


Эмх замбараагүй байдал үүссэний улмаас тоглолт 30 минут хоцорч эхэлсэн байна. Аргентины төрийн дуулал эгшиглэх үеэр Бразилын хөгжөөн дэмжигчид шүгэлдэж, орилолдож хашгиралдсаны улмаас эмх замбаарагүй байдал үүсэж, зарим нь сандлаа мулт татан авч шидсэн байна. Цагдаа нар бороохой хэрэглэн баривчилгаа хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн хөгжөөн дэмжигч эмнэлэгт хүргэгджээ.


Хөгжөөн дэмжигчдийн зөрчилдөөнийг намжаасны дараа тоглолт эхэлсэн байна. 


Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод аргентинчууд 1:0 онооны харьцаатай хожжээ.


Холбоотой мэдээ