С.Чинзориг: Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-04 13:38:06

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх эмнэлгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсож, эм хангамж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, эмнэлгийн ачааллын талаар асуулт асууж, хариулт авсан байна.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Томуу, томуу төст өвчнийг таван түвшнээр авч үздэг. Өнөөдрийн байдлаар хоёр дахь шатлалд буюу идэвхжлийн түвшинд байна. Тиймээс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ цаашид дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. 


Иймд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрсдэлт бүлгийнхнийг вакцинжуулах, зарим эмнэлгүүдэд шинээр ор дэлгэх, амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар явуулах, өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах, гэрийн эргэлтийг эрчимжүүлэх, төгсөх дамжааны оюутнуудыг ажиллуулах замаар эмч сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах, орон нутгийн эмнэлгүүдийг автомашинаар хангах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Эм тарианы 30 хоногийн нөөцтэй байгаа ба тасалдал үүсээгүй" хэмээв.

Холбоотой мэдээ