“Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн арга хэмжээ болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-06 17:31:53

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэллээ.


Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс энэ онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөөлсөн байна. Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байна.


Монгол Улсын Засгийн газар улс төр, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг бий болгож, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ оны зургадугаар сарын 16-нд баталсан уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэр дэвшигчдийн жендэрийн квотыг ирэх оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй байхаар хуульчилсан юм.


Мөн энэ оны долдугаар сарын 7-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлагад нийцүүлж, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, бодлогын нам болж ажиллах асуудлыг шинээр тусгаад буй. Эдгээр хууль эрх зүйн шинэчлэл хийх санаачилгыг Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хороо, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, Мэдрэмжтэй мэдээлье хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хөдөлгөөний зүгээс гаргаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан “УИХ-д хуульд жагсаалтаар дэвших 48 нэр дэвшигчийг хүйсийн хувьд 1:1 хэлбэрээр эрэгтэй, эмэгтэй байлгах, өмнө байсан жендэрийн 20 хувийн квотыг 30 хувьд хүргэж өсгөх заалт бүхий Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас өргөн барьсан нь улс төрийн шийдвэр байсан төдийгүй тодорхой эсэргүүцлийг давж байж гарсан” гэдгийг онцлоод энэхүү өөрчлөлт, шинэчлэлт бол улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бодит оролцоог нэмэгдүүлсэн бодлогын чухал арга хэмжээ болж, олон улсад сайн туршлага болж байгааг тэмдэглэлээ.


Холбоотой мэдээ