600 гаруй хүн халтиргаанаас үүдэн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-20 09:50:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

 

ГССҮТ-д арванхоёрдугаар сарын 14-20-ний хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан  665 хүн үйлчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн осголт хөлдөлтийн 67 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.


Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнх хувь нь гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг болон толгой, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авдаг байна. Харин  гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгаа бол  хүнд хэлбэрийн гэмтэлд толгойн ясны цуурал, хугарлаас гадна аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. 

 

Дөрвөн хоногийн байдлаар ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн байна. Халтиргаа гулгааны үеэр осол гэмтлийн тоо өсөж, өдөрт 130-170 хүн тус эмнэлгээс тусламж авахаар ирж байгаа аж. Тухайлбал,

Арванхоёрдугаар сарын 15-нд 91

Арванхоёрдугаар сарын 16-нд 132

Арванхоёрдугаар сарын 17-нд 174

Арванхоёрдугаар сарын 18-нд 161 хүн зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэн бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгджээ.


Иймд халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалан, урагш бөхийж алхах, резинэн ултай гутал өмсөх, зам гарахдаа гүйхгүй байх зэргийг зөвлөлөө. Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай байдаг байна.


Түүнчлэн дүүргүүдийн ТҮК-иуд явган хүний зам талбайгаа, аж ахуй нэгжүүд өөрийн обьектод оногдох 50 метр талбайгаа сайтар цэвэрлэхийг уриалж байна. 

Холбоотой мэдээ