Эрүүл мэндийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-20 17:26:00

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.


Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож  үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байдаг. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд манай улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт анхаарал татсан хэвээр байгаа юм. Судалгаагаар 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй. Түүнчлэн дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай, гурван хүн тутмын нэг нь артерийн даралт ихтэй бөгөөд тамхины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр түвшинд, нийт нас баралтын 77 хувь орчим нь халдварт бус өвчин эзэлж байна.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлттэй өдөрлөгөөр үг хэлэхдээ “Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг юм. Энэ баялгаа хамгаалах, дэмжих үйл ажиллагаа нь эрүүл мэндээс гадна бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо, манлайллаас хамаардаг. Халдварт бус өвчний гол шалтгаан нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягтай шууд холбоотой. Зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол нь “чимээгүй тахал” болон даамжирч, зүрх судасны өвчин, тархины харвалт, чихрийн шижин, хорт хавдрын үндсэн шалтгаан болж байна. Иймд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах дадал хэвшлийг төлөвшүүлэх нь чухал юм. Энэ нь өвчнийг эхэн үед нь илрүүлж, цаг алдалгүй эмчлэх боломжийг бүрдүүлснээр өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлийг бууруулах үндсэн нөхцөл болдог. Бид энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо бүрдсэний түүхт 345 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүнтэй холбогдуулан уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол хүний эрүүл аж төрөх, уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан, урьдчилан сэргийлэх чиг баримжаатай эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чухал алхам юм” хэмээн ярилаа.  


Гурав хоног үргэлжлэх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд өнөөдөр иргэдэд эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөн, эрүүл хоолыг сурталчиллаа. Харин маргааш урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулах бол энэ сарын 22-нд Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт, онцлогийг олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулна.  
















Холбоотой мэдээ