Путин төрсөн өдрөө хоккейн талбайд тэмдэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-07 13:09:05

СОЧИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрсөн өдрөөрөө хоккейн тэмцээнд оролцох ажээ. Энэ тухай түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.

Путин ахмад хоккейчид, одоо улирлын тоглолт нь эхэлж байгаа Шөнийн хоккейн лигт оролцогсод болох хуучин найз нартайгаа хоккей тоглох аж.  

Сэтгүүлчид хамгийн сүүлд Путиныг нэг сарын өмнө Сочид мөсөн талбай дээр харжээ. Оросын төрийн тэргүүн есдүгээр сарын 1-нд “Хоккейн домгууд” багийн бүрэлдэхүүнд боловсролынхоо төвийн нэрээр нэрлэсэн идэрчүүдийн “Сириус” багтай тоглосон байна.

Өнөөдөр 63 нас хүрэх Путин харьцангуй саяхнаас буюу ердөө гурван жилийн өмнөөс спортын энэ төрлийг сонирхож эхэлжээ. Үүнээс хойш тэрбээр нөхөрсөг тоглолтод нэг бус удаа оролцож, Шөнийн хоккейн лигт тогтмол оролцдог болсон байна. Путин хоккейчидтэй хамт тэмцээнд оролцохоос гадна, Финланд, Беларусийн Ерөнхийлөгч зэрэг улстөрч түншүүдээ хэд хэдэн удаа мөсөн талбайд урьж байжээ.

Оросын төрийн тэргүүн сүүлийн жилүүдэд төрсөн өдрөө энгийн өдрүүдийн адил ажлын ширээний ард өнгөрөөдөг байсан бөгөөд харин өнгөрсөн жил л амралтаа анх удаа албан ёсоор авч, энэ өдрийг  “соёл иргэншлээс хол” өнгөрүүлэхийн тулд Сибирийн тайга руу нисч байжээ.

Өнөөдрийн хувьд Путин хоккейн тэмцээнээс гадна өөр арга хэмжээ төлөвлөсөн эсэхийг Песков хэлээгүй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд