ӨМНӨГОВЬ: Эзэнт гүрний үед хамаарах хадны зургийн үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-02 09:00:59

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” сэдвийн дор хадны зургийн үзэсгэлэнг Даланзадгад суманд зохион байгууллаа.




Үзэсгэлэнг Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музейгээс санаачлан "16 түмэн тэмээний баяр"-ын хүрээнд зохион явуулж, говь нутгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж байна.



Түүнчлэн МУИС-ийн багш Т.Идэрхангайгаар ахлуулсан баг Гурвантэс, Ноён, Сэврэй суманд хадны зургаар судалгааны ажлыг хийж, тус үзэсгэлэнг хамтран гаргажээ.   




Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музейн дарга Ц.Отгонтуяа:

-Өмнөговь аймаг бусдаас юугаараа ялгарч байна вэ? гэхээр хадны зургийн дурсгал маш олон байдгаараа онцлог.

Бид Монголын эзэнт гүрний үетэй холбоотой дүрс дүрслэлүүдийг нээн илрүүлж судлан, олон нийтэд таниулан үзэсгэлэнгээрээ дэлгэн харуулж байна. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар Монгол Улсын түүх археологийн судлаачид хайгуул судалгаа хийж баримтжуулж өгсөн. 



МУИС-ийн түүх археологийн тэнхимийн судлаач Х.Уянга:

-Манай хайгуул судалгааны ажлын баг 2021 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 600 орчим дурсгалт газрын 8000 гаруй дурсгалыг илрүүлж бүртгэснээс хадны зургийн дурсгал нь нийтдээ 10 мянга гаруй хадан дээрх 2000 дүрслэлийг илрүүлсэн.

Чулуун зэвсгийн үеэс эхлээд дундад зууны үе хүртэлх үеийн дурсгалууд багтаж байгаа. Үүнээс эзэнт гүрний үед холбогдох хадны зургийг илрүүлж бүртгэснээрээ онцлогтой. Гурвантэс сумаас олдсон олдворт ирвэс, буга, тэмээний дүрслэл их байсан.


Хадны зургийн үзэсгэлэнг сонирхогч Даниел Линдберг:

-Би АНУ-ын Лас Вегас хотоос ирсэн. Манай улсад ийм хадны зургийн дурсгалууд их олон байдаг. Гэхдээ ихэнхдээ хүний дүрслэл байдаг. 


Харин өнөөдрийн Монголын говьд дэлгэн харуулж байгаа эртний хадны зургийн үзэсгэлэнг үзлээ. Үзэсгэлэн үнэхээр их таалагдлаа. Монголын говиос олдсон хадны зургуудад олон төрлийн амьтад, байгалийг дүрсэлсэн байдаг юм байна. Энэ цаг үед хоёр улсын эртний соёлын өвийг харьцуулан хараад их сонирхолтой санагдлаа. Та бүхэнд баярлалаа.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ