Бод малын эмнэлэг барих талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-13 17:14:59

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпорац (KRC)-ын Ерөнхийлөгч Ли Бюн Хо (Lee Byung Ho) тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д хоёрдугаар сарын 7-нд зочилж, БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай, хоёрдугаар шатны төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


БНСУ-ын ХХК, ХХААЯ-ны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийг 2019-2023 он хүртэл амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн дүнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Мал, амьтны эмнэлэг шинээр байгуулсны зэрэгцээ тус сургуулийн багш нарыг чадавхжуулах урт, богино хугацааны олон удаагийн сургалтыг хоёр улсад амжилттай зохион байгуулжээ. Төслийг БНСУ-ын “WOSEM” групп, Кёнгбүкийн Үндэсний их сургууль хамтран амжилттай гүйцэтгэснийг ХААИС мэдээллээ.


Энэ удаагийн уулзалтаар Төв аймгийн Эрдэнэ суманд бод малын эмнэлэг барих хоёр дахь төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. ХААИС-ийн ректор Б.Баасансүх хэлэхдээ, “БНСУ-ын Засгийн газар, ард түмний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан Мал, амьтны эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулна” гээд, хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ХААИС бүхий л талаар дэмжинэ хэмээжээ.


БНСУ-ын ХХК-ын Ерөнхийлөгч Ли Бюн Хо “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл нь хоёр талын хамтрагчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд тус улсын Засгийн газраас санхүүжүүлсэн төслүүдийн дотроос амжилттай хэрэгжсэн төслийн нэгээр шалгарсанд баяртай байна гэв. Мөн хоёр дахь шатны төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжихээ илэрхийлжээ

Холбоотой мэдээ