ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-22 17:25:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл энэ сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.


Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл нар өнөөдөр ГХЯ-нд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотлов.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл халуун дотноор хүлээн авч буй Монголын талд талархал илэрхийлээд, Монголыг сайтар мэддэг хүний хувьд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш ийнхүү Монгол Улсад дахин ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.


Хоёр тал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлал болон тухайн оны 12 дугаар сард болсон Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээний үеэр ярилцаж тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.


Мөн хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хөшүүрэг болох Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг бүрэн хангах чиглэлээр нягт хамтран ажиллахыг чухалчлав.

Холбоотой мэдээ