Өнөөдөр дэлхийн театрын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-27 09:40:54

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ өдөр театрын эх орон Францын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгийг тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван” уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэжээ.


Улмаар 1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж ирсэн байна. Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болсон цагаас эхлэн урлаг ч мөн үүссэн гэж үздэг. Дэлхий дээр анхдагч цөөн тооны сонгодог урлаг бий. Эртний Грек, Ромд анх үүссэн театрын урлаг өдгөө олон зуун жилийг өртөөлөн туулж өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй олон улсад илүү шинэ түвшинд, илүү өвөрмөцөөр амьдарсаар байна.


“Театр бол ариун сүм” гэж ярьдагчлан, энэ өдөр дэлхийн урлагийн сүм бүхэн тоглолтоороо бэлэг барьдаг. Театрын тайзан дээр амилдаг хүчирхэг дүрүүдийг бүтээсэн жүжигчид, найруулагч, жүжгийн зохиолч, театрын үйл ажиллагаанд олон талаар хувь нэмрээ оруулсаар ирсэн театрын хүчин зүтгэлтнүүдийн баярын өдөр тохиож байна. Театрт очих дуртай хүн бүхэнд баярын мэнд хүргэе.


Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.



Сонирхуулахад, 93 жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театраас санаачлан өнгөрсөн жилийн энэ өдөр соёл, урлагийн салбарын найруулагчид, уран бүтээлчид, зураачид, зохиолчид, урлаг судлаачдын дунд “Амьд театр” хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулсан билээ. 

Холбоотой мэдээ