Вирусийн шалтгаант элэгний өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-10-04 17:22:30

Манай улсад 4 хүний нэг нь элэгний өвчлөлтэй байгаа нь сэтгэл эмзэглэмээр асуудлын нэг болоод зогсохгүй хүн амын үхлийн шалтгааны хоёрдугаар бичигдэж байгаа тухай Төв аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тэгвэл дээрх асуудалтай тэмцэх зорилготойгоор Зуунмод сумын “Баруун Зуунмод” ББН Өрхийн эрүүл мэндийн төвөөс “Монгол эм Импекс Концерн” ХХК-тай хамтран “Вирусийн шалтгаант элэгний өвчлөлийн эрт илрүүлгийг эрчимжүүлье” сарын  аян зохион байгуулж байна. Энэхүү аян өнгөрсөн сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд Зуунмод сумын ЗДТГ-ийн ажилчин албан хаагчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.

Тус аяны зорилго нь вируст хепатитийн халдварыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэд болон алба хаагчдын элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч хорт хавдарын талаар эрүүл мэндийн боловсрол олгох, хяналтанд авах, эмчлэн  эрүүлжүүлэх юм.

Төв аймгийн Зуунмод сумын 15 байгууллагын 657 хүнийг 20 хоногийн хугацаанд түргэвчилсэн сорилоор, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж элэгний В,С вирусийн шинжилгээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар В вирустэй оношлогдсон 32 иргэн, С вирустэй оношлогдсон 47 иргэн байсныг хяналтандаа авч эрүүлжүүлэх арга  хэмжээг авч эхэлжээ. Мөн аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн газрын албан хаагч нарт элэгний В вирусийн нэмэлт дархлаажуулалтыг хийж байгаа төдийгүй аян энэ сарын сүүлээр дуусах юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ